sonin.mn
Одоогоос 60 жилийн өмнөх 1956 оны унгар улсын хувьсгал бол унгарын ард түмний сталинч дарангуйлал, зөвлөлтийн булаан эзлэлтийн эсрэг явуулсан өөрсдийн эрх чөлөөний төлөө хийсэн тэмцэл байсан юм.
 
Энэ бол 20 дугаар зууны унгар улсын түүхийн нэг шийдвэрлэх үйл явдал байсан юм. Энэ үйл явдал Будапештийн оюутан залуусын Их, дээд сургуулиудаас эхэлсэн жагсаалаар 1956 оны 10 дугаар сарын 23-нд эхэлж 11 дүгээр сарын 11-нд Будапештийн Чепельд цэргийн хүчээр зэвсэгт босогчдын эсэргүүцлийг нухчин дарсанаар дууссан юм. 
 
10 дугаар сарын 23 өдөр болж байсан Будапештийн нийтийн тайван жагсаалыг тэр үед эрх барьж байсан коммунист намын дайсагнасан өдөөн хатгалгаар зэвсэггүй олон түмний эсрэг зэрэг галласан буудлаганаас болж тэр шөнөө энэ жагсаал цуглаан зэвсэгт бослого болж өргөжин тэлсэн юм. Энэ нь тэгээд унгарын засгийн засгийн газар унаж, зөвлөлтийн цэргийн ангиуд  ухарч, сүүлд олон намын тогтолцоо тогтож, тус улсаас ардчилсан өөрчлөлтийг эхлүүлэхэд хүргэсэн юм. 
 
11 дүгээр сарын 1-нд унгарын шинэ засгийн газар зөвлөлийн цэргийн ангиудыг тус улсаас бүрэн гаргахаар, Варшавын гэрээнээс унгар улс гарахаар, тус улсын төвийг сахисан байдлын тухай З.Х.Улстай яриа хэлцэл хийж эхэлжээ.
 
Зөвлөлтийн тэр үеийн улс төрийн удирдлага эхлээд  энэ бүхнийг ярилцаж, хэлэлцэх хандлагатай байсан боловч энэ үед өрнөдийн томхон гүрнүүд унгарын засгийн газарт туслахгүй юм байна гэсэн чиг хандлагыг мэдсэн учраас 11 дүгээр сарын 4-нд зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүд Унгар улсын эсрэг дайн зарлахгүйгээр байлдааны ажиллагаа явуулжээ.  Хэт том хүчний эсрэг ганцаараа үлдсэн унгар улс олон хоногийн турш баатарлагаар тулалдан  ялагдаж, хувьсгал дарагджээ. 
 
1993 онд нууцын зэрэглэлээс гаргасан тоо баримтаас үзэхэд энэ байлдаанд 2652 унгар, 720 зөвлөлтийн иргэн амь насаа алдсан байна. Хувьсгал дарагдсанаас болж ойролцоогоор 176 мянга, өөр эх сувалжаас үзэхэд 200 мянган унгар хүн эх орноо орхин дүрвэж гарчээ. Тэдгээрийн ихэнх нь Австри улсын чигт дүрвэн гарчээ. 
 
1957 оны  1 дүгээр сараас энэ хувьсгалд оролцогсодыг нийтээр нь барьж, шоронд хорьж олон хүнийг цаазалсан юм. Энэ харгис дарангуйлал болон унгарын ард түмний энэ гашуун зовлонг НҮБ болон дэлхийн олон нийт эсэргүүцэн буруутгаж байсан юм. 
 
Энэ хувьгалыг дарсаны дараа олон арван жилийн туршид 1956 оны энэ үйл явдлыг унгарын нэг намын тогтолцоотой эрх баригчид сөрөг хувьсгал байсан гэж үзэн буруутгаж байсан ба харин 1989 онд тус улсын улс төрийн тогтолцоо өөрчлөгдөж энэ үйл явдлын албан ёсны үнэлгээ өөрчлөгдсөн юм. 1989 оны 10 дугаар 23-наас эхлэн энэ өдөрийг унгарт үндэсний  2 баярын өдөр болгон тэмдэглэж байна. 
 
1. 1956 оны хувьсгал эхэлсэн өдөр. 
2.Унгарын Бүгд Найрамдах Улсыг 1989 онд тунхагласан өдөр.   
 
Урианхан овогт Л.Пүрэвхүү