sonin.mn
Шударга нийгэм байгуулахад иргэдийн дуу хоолойг хүргэж, саналыг нь төрд хүргэх зорилгоор “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас ард нийтийн санал асуулга явуулах уриалга гаргалаа.
 
Тус байгууллага 300 иргэнээс шударга нийгэмд амьдарч байгаа эсэх талаар судалгаа явуулахад 96.8 хувь нь үгүй гэж хариулсан бол 91.2 хувь нь “Ямар нэгэн байдлаар шударга бус явдлын улмаас хохирч байсан” гэжээ. Тиймээс Үндсэн хуульд заасан шударга нийгмийг байгуулна гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор санал асуулга явуулах уриалга гаргасан хэмээн тус ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлэв.
 
Тэрбээр, “Монгол Улсын шүүх засаглал, хуулийн байгууллагуудаас эхлээд жирийн иргэд нь ч шударга бус байна. Гар утас хулгайлсан хүүхэд 10 жил хорих ял сонсож байхад төсвөөс 10 тэрбум төгрөг завшсан хүн дарга болдог нийгэмд бид амьдарч байна. Манай байгууллага 10 жил үйл ажиллагаа явуулахдаа шударга бус үйл ажиллагааны улмаас хохирсон 200 гаруй иргэнийг өмгөөлж, 1000 гаруй шүүгчийн буруу шийдвэрийн талаар мэдээлэл ил болгосон. Гэтэл шударга бус шийдвэр гаргасан олон шүүгч өнөөдөр ажлаа хийсээр байна.
 
Албан тушаал, авилгын томоохон хэрэгтнүүдийн талаар мэдээлэл гардагч хариуцлага хариуцлага тооцож чаддаггүй. Нэг бол нуугаад өнгөрдөг. Эсхүл өршөөлийн хуульд хамруулдаг болсон. Энэ бүх үйл ажиллагааг таслан зогсоохын тулд ямар ажил хийх талаар ард нийтээрээ ярилцах хэрэгтэй” хэмээв.
 
Хуулийн дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын дарга л ард нийтийн санал асуулга зохион байгуулах эрхтэй юм. Тиймээс “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас төрийн гурван өндөрлөгт судалгааны дүнгээ санал асуулга явуулах хүсэлтийн хамт илгээсэн байна. Санал асуулга явуулахад ойролцоогоор 8 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд шударга нийгмийг байгуулахын тулд энэ хэмжээний мөнгө зарцуулах хэрэгтэй гэлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг