sonin.mn
Энэ удаагийн зочноор Завхан аймгийн Улиастай хотын иргэн, яруу найрагч Г.Цогбадрахыг урилаа.
 
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Намайг Гомбилдоогийн Цогбадрах гэдэг. 1979 онд Завхан аймгийн Улиастай хотод төрж, 1998 онд Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгссөн. Элэг муу болохоор группт байдаг.
 
-Таныг шил цуглуулдаг гэж сонссон. Яагаад шил цуг­луулах болов?
 
-2000 оноос хойш шил цуглуулдаг болсон. Хүмүүс доторхийг нь уучихаад шилийг нь гол руу шидэж бохирдуулж байна. Гол, мөрнөө хайрлаж, хамгаалдаг хүн ховор болжээ. Ганц архины шил биш. Шар айрагныхаа том бор савыг хүртэл хаядаг. Энэ нь байгаль орчныг бохир­дуулж байна. Улиастай хот архины дөрвөн үйлдвэртэй байгаад татан буугдаад хоёр үлдсэний нэг нь дарс үйлдвэрлэдэг. Ганц шил биш шар айрагны лааз, хуванцар сав, хөнгөн цагаан, зэс, гууль, радиатор, аккумлятор, хоёр дахь түүхий эд юу байна тэр болгоныг цуглуулдаг. Намар болохоор жимс, жимсгэнэ түүнэ. Жимс олдохгүй тохиолдолд шилээ цуглуулаад ирдэг. 
 
-Таныг шилнийхээ мөнгөөр машин авсан гэж сонссон. Нэг шилээ хэдэн төгрөгөөр өгдөг юм бэ?
 
-100 хувь шилнийхээ мөнгөөр аваагүй. Аав ээж, ах дүү нар маань дэмжсэн. Шилээ өдөр өдөрт нь аваачиж өгдөг. Өнөөдөр 100 шил авлаа гэхэд аль ойрхон үйлдвэр, бөөний төвд тушаагаад мөнгөө бэлэн авдаг. Шилээ айлаас мөнгөөр авдаг болохоор нэг шилнээс 30 төгрөг л унагана. Хүмүүсээс 50 төгрөгөөр аваад үйлдвэрүүдэд 80-аар өгдөг. 150 мянган шилний орлого буюу дөрвөн сая 500 мянган төгрөгөөр нэг тоннын даацтай Бонго пронтер авсан. Нүүдэл суудал болоход хүнээс унаа гуйхгүй, амьдралаа залгуулж байлаа.
 
-Яагаад байлаа гэж. Унаагаа яасан юм бэ?
 
-Машинаа хоёр жил ашиглаж байгаад дөрвөн тугалтай монгол үнээ болгочихсон. Одоо үнээ маань 10 гаруй болж өссөн, хөдөө хүргэн ахынд байгаа. Аав минь амьд байхдаа миний цуглуулсан шилний мөнгийг банкинд хийсээр байгаад машин авсан. Хөөрхий минь өнгөрсөн жил бурхан болсон.
 
-Шил цуглуулаад сард хэдэн төгрөгийн орлого олдог вэ?
 
-Хамгийн доод хэмжээ 100 мянга байдаг. Сайн явж чадвал 150-200 мянган төгрөг болдог. Байг гэхэд өдөрт 1000 төгрөгтэй харьдаг. Ямар ч гэсэн бал, дэвтрийнхээ мөнгийг хүнээс гуйдаггүй.
 
-Одоо цуглуулж байгаа мөнгөөрөө юу хийх вэ. Цаашдын зорилго тань юу вэ?
 
-Одоогоор ийм тийм юм авна гэсэн юм байхгүй. Хүмүүст оюуны өндөр мэдрэмж чухал байна. Миний хувьд мөнгө л байвал бүх юм бэлэн байна. Мөнгөгүйгээс болж өчнөөн хүн үхэж, тахир дутуу болж байна. Мөнгө байгаа цагт хүн юугаар ч дутаж, тасрахгүй. Хамгийн гол нь эрдэнэт хүний амь нас чухал. Би аавыгаа алдсандаа харамсдаг. Хэрэв 150 мянган шилнийхээ мөнгийг үхэр болгоогүй мөнгө нь байсан бол аав минь өнөөдөр амьд байх л байсан. Гадаад руу байг гэхэд дотоодын эмнэлэг рүү явуулсан бол өвчин зовлон, үхэл хагацал үзэхгүй байлаа. Хамгийн гол нь хүнд ухаан чухал. Манай уран бүтээлчид “Уран ухаантай хүн өөдөө оргилдог. Давшгүй ухаан, дийлдэшгүй бодол чухал” гэдэг. Мөн шилээ ахиухан цуглуулж байгаад уран бүтээлийн цэнгүүн хийхийг зорьж байна.
 
-Та бас яруу найраг сонирхдог, ном хэвлүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Би яруу найргийг 1996 оноос сонирхож бичиж эхэлсэн. Харин шилийг 2000 оноос цуглуулж ирсэн. 20 жил болоход ихэвчлэн дууны шүлэг бичнэ. Театрын шинэ дарга н.Бямбадоржтой нийлж хоёр дуу хийсэн, олны хүртээл болгож амжаагүй л байна. Хөгжим,бүжгийн коллежийн морин хуурын ангийн оюутан байсан н.Хүрэлбаатар, н.Амгаланбаатар нар сургууль дээрээ дуулж амилуулж байсан. Дараа нь Отгонтэнгэр хайрханы тухай “Онгод хайрласан хайрхан” гэсэн дуу хийсэн. Үүнийг н.Цогтбаатар гэдэг оюутан дуулж байлаа. Хүнд авьяас байдаг юм билээ. Үүнийхээ хажуугаар яруу найргаа үргэлжлүүлж байгаа. Түүсэн шилнийхээ мөнгөөр 2003, 2007 онд дууны шүлгийн номоо хэвлүүлсэн. Эхний номыг н.Чимэдгочоо, хоёр дахийг н.Гомбосүрэн багш редакторлаж өгсөн. Одоо гурав дахь номоо хэвлүүлэх гээд шил цуглуулж байна. Шилээ ахиухан цуглуулчихвал номны мөнгөтэй болчихно.  
 
Шинэхэн өглөө болно
 
Шил цуглуулж угтъя   
 
Шөнө үдэш дөхөж байна
 
Шүлэг найргаар үднэ...гэсэн элэглэл орж ирдэг.
 
-Таны онгод ямар үед ордог вэ?
 
-Өөртөө зорилт тавиад биччихье гэхээр онгод орж ирдэггүй. Нэг бол нойрон дунд эсвэл хаа нэг газар явж байхад гэнэт орж ирдэг. Тиймээс биедээ байнга дэвтэр, балтай явдаг болсон. Надаа ганц урам хайрладаг газар бол Отгонтэнгэр хайрхан. Долоо хоногт 1-2 удаа хайрхандаа залбирч хамаг юмаа даатгадаг. Аймгийн төвөөс 15 км-ийн зайд байдаг Хайрхан даваан дээр гардаг юм. Энэ хоёрын хооронд машин явдаггүй болохоор явган очно. Байгаль дэлхийд явган явах нь хүний эрүүл мэндэд сайн нөлөөлдөг. Отгонтэнгэр хайрханы буянаар би эрүүл саруул яваа ч юм билүү. Хоёрдугаарт, наашаа ирэхдээ зам дагуу хаясан шилийг түүхээс гадна байгаль орчныг бохирдуулж байгаа хогийг цэвэрлэж байна гэсэн үг.
 
-Танай удамд яруу найрагч, урлагийн хүн байдаг уу?
 
-Яруу найргаар ховор. Ээжийн талд дуучин, хөгжимчин хүн бий. Би гэхэд наймаа арилжаа, уран бүтээл гээд явж байна даа.
 
-Гэр бүлтэй юү. Аав ээжээс хэдүүлээ вэ?
 
-Одоохондоо гэр бүлгүй. Яруу найргаараа үеийнхээ охидтой танилцдаг. Бие биедээ урам хайрлаад явж байна. Аав ээжээс есүүлээ, одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Ээж маань зунд нь хөдөө гарчихдаг юм.
 
-Яруу найргийн уралдаан тэмцээнд хэр оролцдог вэ. Уран бүтээлээ туурвихад чинь зөвлөдөг багш байгаа юу?
 
-2006 оноос хойш байнга оролцож байна. Аймгийн 90 жилийн ойгоор “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулсан. Монголын яруу найрагчидтай уулзаж байгаа. Надад илүү их тусалж дэмждэг нь манай нутгийн Төрийн соёрхолт, яруу найрагч Л.Бавуудорж ах. Наадахаа битгий хаяарай, насандаа туршдаа л бичээрэй гэдэг. Яруу найргаар 20 жил явахад өөдөө гараагүй. Гэтэл шил цуглуулаад 16 жилийн хугацаанд Монголын ой мод, үйлдвэрлэл эрхлэлтийн хол­бооноос “Байгаль орчны тэргүүн”-ий ажил­тан цол тэмдгээр шагнасан.
 
-Боломж олдвол уран бүтээлийнхээ чиглэлээр суръя гэсэн бодол байна уу?
 
-Хаана ч гэсэн сургууль бэлэн байна. Ганцхан мөнгө хэрэгтэй. Миний тооцоогоор 200 мянган шил хоёр жилийн төлбөр болж байгаа юм. Шилний буянаар хүнээс гуйхгүй, банкнаас зээл авахгүй байна. Өөдөө харсан сав өгөөжөө хайрладаг гэдэг дээ. 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин