sonin.mn
Банк санхүүгийн академиас өнөөдөр “Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Санхүүгийн салбарын гүйцэтгэх үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт Монголын санхүүгийн салбарын төлөөлөл 100 орчим  төлөөлөгч оролцов. 
Гадаад зах зээл Монгол Улсын эрсдлийн түвшинг хүлээн авч буй байдал” сэдвээр Банк санхүүгийн академийн Зөвлөлдөх бүлгэмийн гишүүн Д.Бат-Очир илтгэл тавилаа. 
 
Тэрээр илтгэлдээ “Moody’s агентлагийн гаргасан судалгаагаар манай улсын эрсдэл B түвшинд байна. Энэ үнэлгээ цаашид буурах боломжтой. Үнэлгээг одоогийн түвшинд хүргэхийн тулд Засгийн газар төсвийн хүндрэлийг давах чиглэлээр арга хэмжээ авах нь чухал. Тухайлбал төсвийн алдагдал тогтворжих хандлага, эдийн засгийн өсөлтийг сэргээх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй юм. Өнөөгийн түвшинд хөрөнгө оруулалт орж ирэх үү гэдэг нь биднээс шалтгаална. Бид ерөнхий зохицуулалтын орчиндоо хэт анхаарсан.
 
Манай улсын хувьд далайд гарцгүй гэдгээс бусад хүчин зүйл нь боломжийн түвшинд байгаа. Мөн дотооддоо тайван, үндэсний мөргөлдөөнгүй байх нь чухал. Манай сул тал нь нийгэм, эдийн засгийн бодлогын хэрэгжилт, тодорхой орчин, залгамж чанар хангалтгүй. Хөрөнгө оруулагчид эрсдлээ удирдах гэхээр орчин нь байхгүй гээд сул талууд байна” хэмээн онцлов. 
 
Хэлэлцүүлгээр санхүүгийн салбарын дэд бүтэц, хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудал, үүрэг хариуцлага, эдийн засгийн боломжийн талаар хөндлөө. Оролцогсод эдийн засгийн боломжийн талаар эерэг ч  тусгайлсан салбар, хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогын орчин сул, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид хоорондын харилцааг зохицуулах  эрх зүйн орчин сул байгааг тодотгов. 
 
Б.Заяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг