sonin.mn
НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын өдөр тутмын үйл ажиллагаа, НЗД болон НИТХ-ын  даргын шийдвэр, захирамжуудыг олон нийтэд шуурхай хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах зорилгоор өнөөдөр Хангарьд ордонд Хэвлэл мэдээллийн төв нээлээ.
 
Сэтгүүлч, зураглаач нар тус төвд байрлан мэдээ мэдээлэл бэлтгэх, түүнийгээ шуурхай дамжуулах техникийн боломжийг бүрдүүлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллага бол төр засгийг иргэдтэй нь холбох гүүр. Тиймээс НЗД ирэх 4 жил хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй ажиллаж, өөрийн гаргаж байгаа шийдвэр, захирамжийг энэхүү төвөөр дамжуулан нийтэд хүргэх юм. Ингэснээр иргэд төрийн шийдвэрийг шуурхай хүлээн авах боломж бүрдэнэ хэмээн НЗД С.Батболд онцлов.
 
Тэрбээр, “Сэтгүүлчид тус төвд байрлан НИТХ, НЗД-ын зөвлөлийн хуралдаан зэрэг бусад үйл ажиллагааг шууд дамжуулах боломжтой. Та бүхэнтэй нягт хамтран ажиллаж, мэдээ мэдээлэл авах, хэвлэн нийтлэх боломжийг бүрдүүлнэ гэдгээ амлаж байна” хэмээв.
 
НИТХ-ын дарга Ц.Сандуй, “НИТХ-ын төлөөлөгчид хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, тэднээр дамжуулан иргэдийн дуу хоолойг сонсох ажлыг энэ төвөөр дамжуулан хийх юм. Энэ төв бол сэтгүүлчдийн ажлын байр. Тиймээс та бүхнийг Улаанбаатар хотын хөгжил дэвшлийн төлөө бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна”гэлээ.
 
Улаанбаатар хотын удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудад тун ээлтэй байдаг. НЗД асан Э.Бат-Үүл 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталж, хэрэгжүүлхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. С.Батболд дарга ч мөн энэ хуулийг батлах, хэт өргөн хүрээтэй байсан хаалттай мэдээллийн хязгаарлалтыг бууруулах чиглэлээр олон ажил хийсэн хүн. Улаанбаатар хотод Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 80 гаруй хувь нь байрладаг.
 
Тиймээс мэдээллийн ил тод байдлыг хангаж, мэдээллийн төв байгуулж байгаад талархаж байна. Ирэх жилүүдэд иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахын төлөө бид бүхэнтэй нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид онцлов.
Уг төвөөр дамжуулж НЗД-ын 9 хэлтэс, 33 агентлагийн мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байна.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг