sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Кашмир дахь хилийн маргаантай бүсийн Пакистаны хяналтанд байдаг хэсэгт байгаа босогчдод цохилт өгсөн гэж Энэтхэгийн арми мэдэгдлээ.
Пакистантай залгаа хил орчмын бүсэд пүрэв гарагт явуулсан цэргийн ажиллагааны явцад олон тооны босогчдыг устгажээ.
 
Босогчдын хуарангуудыг чиглэн Энэтхэгийн цэргүүд Кашмирын хилийн бүсийг даван явж байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр харуулж байлаа.
Пакистаны арми энэ ажиллагаатай холбогдуулан мэдэгдэл хийхдээ “бид хариу цохилт өгөх үеэр манай хоёр цэрэг амь үрэгдсэн” гэв.
 
Кашмир дахь Энэтхэгийн талын хяналтанд байдаг хэсэгт байрладаг тус улсын армийн бааз руу энэ сарын 18-нд босогчид халдан 18 цэргийг хөнөөсөн хэрэг гарсан юм.
Уг халдлагыг Пакистаны хэт давруу үзэлтнүүд үйлдсэн гэж Энэтхэгийн тал үзэж, босогчдод чөлөөтэй нэвтрэх боломж олгосон хэмээн Пакистаны засгийн газрыг буруушааж байгаа билээ.
 
Харин Пакистаны тал үүнийг “ор үндэсгүй гүтгэлэг” гэв.
Пүрэв гарагийн ажиллагааны улмаас Пакистаны арми хариу цохилт хийхэд хүрч магадгүй учир Кашмирын байдал хурцдаж, мөргөлдөөн дэгдэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг