sonin.mn
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, химийн шинжлэх ухааны доктор профессор Сандуйн Шатартай ярилцлаа.
 
 
1949 онд долдугаар анги төгссөн гурван гавьяат. Доржийн Дамдинжав, Гиниймаагийн Бэгзжав, Сандуйн Шатар
 
 
-Таны бахархдаг зүйл юу вэ?
 
- Буян хишиг тэгшитгэсэн Багшийн хоёр сургуулиараа...
 
-Таны дуулах дуртай дуу гэвэл?..
 
- “...Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн
 
Алтан нарны тунгалаг туяа
 
Ардын багш нарыг хүмүүжүүлэн гаргадаг
 
Агуу мандмал багшийн сургууль...” гээд л.
 
-Та хамгийн сайхан дууриалтай багш нараа нэрлэнэ үү?
 
- Ардын багш (герман) Батсүх, Б.Цэвэгжав, эрдэмтэн зохиолч, гавьяат багш Д.Цэвэгмид, гавьяат багш, төрийн шагналт (алим жимсний) Э.Шагдар гээд Багшийн сургуулийг алдаршуулсан үе үеийн ариун үйлстэн... бүгдээрээ энэ сургуулийн түүхийг дархалсан суутнууд.
 
1930 онд Дорнод аймгаас ирж суралцсан төрийн шагналт Э.Шагдар эх орондоо алим жимсний тариалан, зөгийн аж ахуйг хөгжүүлсэн хүн. Гавьяат багш Д.Цэвэгмид 1930 оноос “Хоньчин Найдан”, “Сурагч Ганбат” зэрэг уран зо­хиол, яруу найргаараа тодорч эхэлсэн ба тэрээр 1942 оны гавьяат багш, МУИС-ийн оюутан, орос хэлний хэлмэрч, туслах багшаас Москва хотын Ломоносовын их сургуулийн III, IV дамжаанд шууд дэв­шин суралцаж, улаан дипломтой төгсөөд 1950 онд биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж залуу хүн 35 хүртэлх насандаа хэчнээн их бүтээл гаргаж чадахын гэгээн дууриал болж байлаа.
 
-Багшийн сургууль анх хэдийд байгуулагдсан бэ?
 
- 1922 онд курсын багш бэлтгэдэг “Оюутан сургууль” нэртэйгээр анх үүсч 1923 оноос мэргэжлийн багш бэлтгэх сургууль болон хөгжсөний түүхт 95 жилийн ой 2017 онд болно.
 
-Та уг сургуулийн хэдэн оны сурагч вэ?
 
- 1949-1952 оных. Дундговь аймагт арван жилийн сургууль байгаагүй болохоор биднийг янз янзын техникумд хуваарилсан. Манай ангийн Г.Бизьяажав бие томтой, бичиг сайхантай учир багшаар үлдэж улмаар 37 жил бага дунд сургуулийн захирлаар дэвшсэн тэр он жилүүдэд УБДС-д эчнээ суралцаж, түүх газар зүйн дээд мэргэжилтэй, Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн. 1970-1980-аад онд сургууль дээр нэвтрүүлсэн “Аарцтай цай” хөтөлбөрөөр алдаршсан тоо физикийн гавьяат багш, захирал Д.Дамдинжав тал хээрийн Цагаандэлгэр суманд “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулж алдраа мөнхөлсөн. Мөн  манай ангиас олон мундаг багш, эмч, ус зүйч мэргэжилтнүүд төрсөн.
 
 -Та багшлах ажлаа хаана эхэлсэн бэ?
 
- 1952 оны намар Дундговь аймгийн Сайнцагаан суманд таван ханатай гэртэй бага сургууль байгуулалцаж байлаа.
 
-Таны удирдсан ангиас олон мэрэгжилтнүүд төрсөн үү?
 
-Улсын зургаан удаагийн аварга шатарчин Жамбалдоогийн Лхагваа, хүний гавьяат эмч Лхамсүрэнгийн Болормаа, дэд эрдэмтэн инженер Т.Басбиш.. гээд ярьвал олоон.
 
-Говь нутагт багшлахад хэцүү биз?
 
-Баянжаргалан суманд бага сургуулийн захирал, багш, эвлэл пионерийн удирдагч зэрэг олон төрлийн ажлыг хариуцахад хялбар байгаагүй. Зун амрана гэж бараг байсангүй.
 
Хэдэн модон байшин худалдан авч дундаа хаал­гатай танхим байгуулж, до­тор гадна ханыг үхрийн нойтон аргал, хэрчсэн дэрсээр бүтээж, шавар­даж, шохойдох, будах, сурагчдын ширээ сандал хийлгэх ажлыг амжуулж л байв. Үүрэх ачаа хүнд ч багш мэргэжил сайхаан.
 
Сонирхуулахад, нэг ангид 3-4 ангид зэрэг хичээл заана шүү дээ. Үдээс өмнө 1,3-р ангид үдээс хойш  2,4-р ангиудад, нэг ангид нь тоо бодуулж, хэл бичгийн дасгал хийлгэх хооронд нөгөө ангид нь аман хичээл заана. Эсвэл пионерийн ажилд ахлах ангийнхнаар дуу шүлэг, шатар даам заалгах, тогоочтой хоол цай бэлтгүүлэх, үйлчлэгч нартай дотуур байраа тохижуулах, дүү нарынхаа хувцас хунарыг оёж арчлахад дагалдуулан биеэ даах чадварт сургадаг байлаа.
 
Нэг удаа Гэгээрүүлэх яамны сайд М.Жамсран ганц багштай манай сургуулийн сурлага хүмүүжилтэй танилцаж, өндөр үнэлгээ өгөөд надад “Бага ангийн багш” цол олгож үнэмлэх гардууллаа.
 
Тэгээд аймгийн гэгээрлийн хэлтэст миний туршлагыг түгээх даалгавар өгснөөр сургуулийн заах арга зүйн багшаар дэвшин ажиллаж, сар тутам 2-3 сумын сургууль, багш нарын ажлыг шалган зааварлах үүрэгтэй болж байв.
 
-Та хэдийд дээд мэргэжлийн багш болсон бэ?
 
- Бидний үед хотод байтугай аймгийн төвд ажиллах зөвшөөрөл олддоггүй байв. 1957 онд манай хэлтсийн дарга 1930-аад оны ахмад зохиолч Дэгээхүүгийн Сурьяа намайг УБДС-ийн хэл зохиолын ангид суралцуулахаар хожуухан явууллаа. Элсэлт хэдийнэ хангагдсан учир хими-биологийн ангид суралцсан түүхтэй. Оюутан ахуйдаа “Гайхамшигтай сонин амьтан ургамал” анхны номоо бичсэн.
 
-Та говь нутагтаа буцаад ирсэн үү?
 
-Намайг Дундговьд хуваарилагдаад байтал шинэ тутам байгуулагдсан Шинжлэх ухааны академид томилсон. УБДС төгссөн ч их сургуулийн программыг бие даан судлах даалгавар өгч ахлах лаборантаар ажиллуулсан.
 
-Та ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар хэдэн жил ажилласан бэ?
 
-Оюуны мэдлэг чадвар тэтгэвэрт гардаггүй гэгчээр эрдмийн энэ их өргөөнд 55 жил болсон. Бас 1964-1982 онуудад ШУА-ийн физик-хими, хими, байгалийн нэгдлийн хүрээ­лэнгүүдийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар хавсран ажилласан.
 
-Монголын шинжлэх ухаанд таны үүсгэн хөгжүүлсэн шинэ салбар чиглэл гэвэл?
 
- Монгол орны эфирийн тост ургамал судлал, терпеноид химийн салбар ухааныг...
 
-Та эрдэмтний зэрэг хаана хамгаалсан бэ?
 
-Зөвлөлт Казахстаны ШУА-ийн химийн хүрээлэнд 1973 онд “Монгол орны мөнх ногоон ургамлын эфирийн тосны химийн бүрэлдэхүүн” сэдвээр дэд эрдэмтний, дараа нь “Монгол орны флорын эфирийн тосны моно-сесквитерпент нэгдлийн химийн бүрэлдэхүүн, тэдгээрийн биогенезийн зүй тогтол” сэдвээр химийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.
 
-Та Монгол орны үнэртэн хэчнээн ургамлыг судлаад байна вэ?
 
-Хамт олны дэмжлэгээр хангай-говийн 160 гаруй зүйл ургамлын эфирийн тосноос 4000 гаруй терпент нэгдлийг болон хими-технологи чанарыг судлаад байна.
 
-Таныг хэвлэлээс дэлхийд данстай эрдэмтэн гэж уншсан юм байна?
 
- Иргэний бүртгэл шиг хүссэн эрдэмтдийг дансалж авдаг байгууллага гэж юу байхав дээ. Харин олон улсын нэр хүндтэй, үнэлэмж төгөлдөр сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлийг шинжлэх ухааны олон улсын санд бүртгэн хадгалж, гадаадын эрдэмтдэд төлбөртэй үйлчилдэг байгууллага байдаг.
 
Бид АНУ, Герман, Энэтхэг, Япон, Турк, ОХУ, Солонгос, Казахстан, Узбекстан, Чех, Польш зэрэг орны мэргэжлийн сэтгүүлд 100 орчим, тэрчлэн Ази Европын Москва, Бээжин, Люблин, Вроцлав, Будапешт, Гамбург, Стамбул, Токушима, Ханой, Карачи зэрэг 20 гаруй орны 40-өөд хотод зохиогдсон олон улсын симпозиумд 200 орчим илтгэл хэлэлцүүлж хэвлүүлсэн материалд тулгуурлан надад урам хайрласан хүндэтгэл юм л даа.
 
-Та нэгэн сэдэвт зохиол олныг туурвисан уу?
 
- Монгол, орос, англи хэл дээр Монгол орны үнэртэн ургамлын эфирийн тосны химийн бүрэлдэхүүн, технологи чанар, практик ач холбогдлыг тодорхойлсон 20 гаруй зохиол хэвлүүлээд байна.
 
Эдгээр судалгааны үр дүнд эх орондоо эфирийн тост ургамал, терпеноид нэгдлийн химийн шинэ салбарыг үүсгэн санаачилж дэлхийн түвшинд эрчимтэй хөгжүүлж ирлээ. Энэ бол миний амьдралын бахархал юм даа.
 
-Таны хоёр дахь мөрөөдөл юу вэ?
 
- Эм, хүнс, хөнгөн үйлдвэр, анагаах ухааны ач холбогдолтой үнэртэн, эфирийн тос агуулсан олон арван шинэ түүхий эд нээн илрүүлж, цаашид эфирийн тос, тосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх жор технологи туршин боловсруулахыг эрмэлзсээр байгаа.
 
1986-1988 онуудад Ерөө, Бугантын  мод бэлтгэх аж ахуйд ойн хоёр дахь түүхий эдээс шилмүүсний эфирийн тос олборлох жижиг цехийг, Савангийн үйлдвэрийн харьяа тансаг үнэртэй ариун цэвэр, эрүүл ахуй, рашаан сувиллын бэлдмэл үйлдвэрлэх цехийг ашиглалтад оруулж эхэлсэн боловч зах зээлийн шуурганд өртчихөөд байна.
 
-Таны лабораторт гадаадын зочид олон ирдэг үү?
 
- Манай тоноглол багаж ядуухан  лабораторийг бус, бидний судалсан, судлах ирээдүйтэй Монгол нутгийн унаган, ховор ургамлын эфирийн тосны судалгаатай танил­цах, сайхан сэтгэлээр туслан хамтран ажиллах боломжийг сонир­хон өөрсдийн хөрөнгө зардал, хүсэл мөрөөдлөөрөө ирц­гээдэг юм. Тэдний дотор профессор Р.П.Адамс (АНУ), проф С.Хунекс (Герман), проф К.Х.Басер (Турк), проф Нгуен Хуан Зунг (Вьетнам), проф И.Огнянов (Болгар), проф В.А.Ткачёв (ОХУ), проф Д.Карасава (Япон), проф М.И.Горяев (Казахстан) гээд олон хүн бий.
 
-Та гадаадын олон оронд уригдсан уу?
 
-  Дээрхи профессоруудын урилгаар 20 орчим их сургууль, институтэд зочилсон.
 
-Та Монголын шилдэг зохион бүтээгч гэв үү?
 
-Тиймээ. Монгол Улсын 11 дэх шилдэг зохион бүтээгч цолыг 1993 онд хүртсэн.  1970 оноос хойш шинэ түүхий эд, бүтээгдэхүүний 39 патент, 46 ашигтай загваруудад зохиогчийн эрх хамгаалсан.
 
-Таны шинэ бүтээлээс амьдралд нэвтэрч үр дүнгээ өгсөн нь олон уу?
 
-1984-2013 онуудад Зүүнхараа, Дархан, Эрдэнэт, Дундговь аймгийн хүнсний комбинат, Мандалговь-хүнс ХХК, Улаанбаатар, Оргил, Эрдэнэт, Гурван нуурын рашаан сувилал, Клиникийн эмнэлгүүдэд амжилттай нэвтрүүлсэн.
 
-Таны удирдсан шавь нар одоо хаана хаана ажиллаж байна?
 
-Сүүлийн жилүүдэд 20 гаруй дэд доктор, ма­гистрийн, 80 гаруй бака­лаврын ажлыг удирд­санаас МУИС, ШУТИС, ХААИС, Ховд Их сургуульд олон хүн багшилж байна. Мөн ШУА-д цөөнгүй хүн ажиллаж байна.
 
-Та дээд сургуульд багшлаагүй юу?
 
-  МУИС, ШУТИС, МУБИС, АУИС-иудад 30-аад жил лекц уншиж, оюутан, магистрант, докторантуудад зориулсан “Хүнсний ургамлын биохими”, “Эфирийн тос судлал”, “Байгалийн нэгдлийн хими” сурах бичиг, дадлагын болон оюутан сурагчдын хичээлээр олсон мэдлэгийг гүнзгийрүүлэх, бие даасан сургалтанд гарын авлага болгосон  гээд багшлах үүргээ биелүүлж ирсэн дээ.
 
-Эдүгээ та ямар бүтээл туурвиж байна?
 
-Эрдэм шин­жилгээний “Терпеноид хими” IV-VIII цуврал зохиолуудаа хэвлэлд бэлтгээд байна.
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин