sonin.mn
БАНГКОК. /Reuters/. Таиландад бороо зүсэрч орсны улмаас үер усны аюул нүүрлэн эд материалын хохирол учирсаар байна. Үерт хамгийн их өртсөн төвийн нутгийн  Аюттхая хотын оршин суугчдад холбогдох албаны хүмүүс тусламж хүргэж эхэлжээ.
 
Таиланд улсад өнгөрсөн долдугаар сараас хойш бороо орж, ус зайлуулах хоолойн ус гол руу асгарснаар гол нуурууд эргээсээ халин олон газарт үер болсон байна. Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, 40 мянга гаруй айл өрх үерт нэрвэгджээ.
 
Өнөөдөр Аюттхая хотын оршин суугчдад хааны ордон болон засгийн газрын албаны хүмүүс тусламжийн хүнс болон эм тариа хүргэж өгсөн байна.
Нэгэн сувгийн ойролцоох гадилын талбайнууд үерт автжээ. Усны түвшин 1 метрт хүрснээр оршин суугчид тусламжийн бүтээгдэхүүнүүдийг завиар очиж авахаас өөр аргагүйд хүрчээ. “Усны түвшин гэнэт нэмэгдэхийг харахад үнэхээр аймшигтай байсан” гэж нэгэн оршин суугч ярилаа.
 
Борооны улирал дахиад хэдэн долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа учир үерлэж болзошгүй гол нуур ихтэй долоон мужийн оршин суугчдад сэрэмжлүүлэг өгсөөр байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг