sonin.mn
СӨҮЛ. /ВВС/. Умард Солонгосын нэгэн цэрэг харуул хамгаалалт чангатай Цэрэггүй бүсийг даван Өмнөд Солонгост зугтаж очсон тухай Сөүлийн албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдсэнээр, өнөө өглөө энэ цэрэг хоёр Солонгосын хилийг зэвсэггүй давсан бөгөөд хил орчимд буун дуу гараагүй байна.
 
Түүнийг одоо байцаан шалгаж байгаа аж.
Цэрэггүй бүс бол хил хууль бусаар давахаас урьдчилан сэргийлэх үүднээс мина зоож, өргөст тор татан, хоёр талын хэдэн арван мянган цэрэг хамгаалдаг хилийн бүс юм.
 
Өнгөрсөн оны зургадугаар сард Умард Солонгосын өсвөр насны нэгэн хүү энэ бүсийг даван Өмнөд Солонгосын Канвон аймгийн Хуачонь хошуунд байдаг нутаг нэгтнүүд дээрээ очиж байжээ.
 
Түр эвлэрлийн гэрээ байгуулснаар Солонгосын дайн 1953 онд дууссанаас хойш цэрэггүй бүсийг байгуулж, харуул хамгаалалтыг чангатгасан хэвээр байгаа юм.
Сөүлийн мэдэгдсэнээр, Солонгосын дайн дууссанаас хойш Умард Солонгосын 29 мянга гаруй иргэн Өмнөд Солонгост зугтан очжээ. Тэдний ихэнх нь Хятадаар дамжин Өмнөд Солонгост ирсэн байна.
 
Тэдэнд Өмнөд Солонгосын Засгийн газраас тусламж дэмжлэг үзүүлдэг хэдий ч санхүүгийн бэрхшээл болон ялгаварлан гадуурхах зэрэг асуудал өнөө хэр нь тулгарсаар  байгаа ажээ.
 
Хонконгт математикийн тэмцээнд оролцож байсан умард солонгос залуу өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Сөүлийг зорьсны дараа дээрх цэрэг оргосон хэрэг гарлаа. 18 настай залуу Хонконг дахь Өмнөд Солонгосын Консулын газарт хоёр сар гаруй хугацаанд байрласан ажээ.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг