sonin.mn
Багануур дүүргийн хэмжээнд томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь сүүлийн долоо хоногуудад нэмэгдэж, ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лаборатори, бүсийн салбар лабораториудад хийж буй өвчтөнөөс авсан хамар залгиурын сорьцод риновирүс давамгайлан тодорхойлогджээ.
 
Риновирүс нь хамрын ханиадны голлох шалтгаан болдог бөгөөд жилийн дөрвөн улиралд эргэлтэд байж, намар хүйтэн сэрүүний улиралд дэгдэлт хэлбэрээр тархан, бүх насныхан халдварт өртөх эрсдэлтэй байдаг аж. Риновирүсийн халдварын үед хоолой өвдөх, нус гоожих, хамар битүүрэх, ханиах, найтаах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрэх ба булчин өвдөх, ядрах, сульдах, толгой хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, халуурах зэрэг томуу төст эмнэлзүйн шинж илэрдэг. Сургууль, цэцэрлэгийн цугларалт, хүмүүсийн хөл хөдөлгөөн, нягтрал нэмэгдэх нь амьсгалын замын халдвар хүнээс хүнд хурдан тархах нөхцлийг бүрдүүлдэг байна.
 
Томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн зөвлөгөөг авч хэрэгжүүлэхийг сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт зөвлөмж болголоо. Үүнд:
Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж, томуу томуу төст өвчин (ТТӨ), амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, өвчилсөн багш, ажилчдыг хичээл, сургуулиас 7 хоног хүртэл чөлөөлж, өвчний хүндрэлээс сэргийлж, гэрт нь тусгаарлах, эмчилж, эдгэрүүлэх
 
Сургууль, цэцэрлэгийн анги танхим, биөийн тамирын, хурал цуглааны зааланд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийж, анги, танхимын дулааныг 18- 20 хэмд байлгах
Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийг аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх, бага насны хүүхдүүдэд халуун бүлээн шингэнийг уулгах
 
Хамраар зөв амьсгалах дасгал хийлгэж сургах
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулах үйл ажиллагааг (өдөрлөг, уулзалт, тэмцээн гэх мэт) зохион байгуулахгүй байх
 
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх энгийн арга (гараа савандаж угаах, амьсгалын замын халдвартай үед ханиаж, найтаахдаа тохойруугаа эсвэл амны цаас, алчуур хэрэглэх гэх мэт)-ыг зааж сурган, хэвшүүлэх
Эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчилсөн бол харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид хандаж, зөвлөгөө авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг зөвлөх
 
Хүүхдийг улирлын байдалд тохируулан хувцаслах, олон нийтийн газар авч явахгүй байх, өвчилсөн бол гэрт нь байлгаж, бусдад халдвар тараахгүй байхыг зөвлөлөө.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг