sonin.mn
ТЕГЕРАН. /Tasnim/. Монгол болон хөрш зарим орнуудаас мах импортолно гэж Ираны Хөдөө аж ахуйн дэд сайд Али Акбар Мехрфард мэдэгдэв.
 
Мухаррам сарын өмнө махны зах зээлд эрэлт нэмэгддэг  бөгөөд энэ үеэр Бразилын хөлдөөсөн мах импортлохоор төлөвлөсөн гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Мухаррам сарын гашуудах ёслолын үеэр Ираны шиитүүд буяны хоол хүнс бэлтгэж, хөрш айлууд болон ядуу хүмүүст тараан өгдөг байна. Үүний зэрэгцээ гашуудлын ёслолд оролцох хүмүүсийг үнэгүй хооллодог ажээ.
 
Иран жил бүр их хэмжээний махны хомсдолд ордог гэж тус улсад суугаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ төлөөлөгч наймдугаар сарын тайландаа дурдсаны дараа мах импортлох төлөвлөгөөг гаргасан байна.
 
Иран улсад жилд наад зах нь 100 мянган тонн мах дутагддаг бөгөөд энэ хэмжээ багасгаснаар үндэсний махны үйлдвэрлэл сэргэж, бие даана гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/ үзжээ.
 
Тус улс жилд 950 мянга орчим тонн малын мах, 1.75 сая тонн шувууны мах үйлдвэрлэдэг бөгөөд 100 мянган тонн мах импортолсноор тус улсын нэг жилийн махны нийт хэрэглээ 2.8 сая тонн болох юм.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг