sonin.mn
Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Төвбанк үргэлжлүүлнэ гэдгээ  мэдэгдээд байна.
 
Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байсан таван хувийн хүүтэй зээлийг олгохгүй болсныг Монголбанкны Ерөнхийлөгч  Н.Баяртсайхан мэдэгдсэн.   
 
Монголбанкнаас гарч буй зээлийн хүүгийн 2 хувь дээр арилжааны банкуудын 3 хувийн хүүг нэмж 5 хувийн хүүтэй зээл орон сууц худалдан авч буй иргэдэд олгож байсан. Гэтэл Төвбанк бодлогын хүүгээ 15 хувь болгосон учир арилжааны банкууд бага хүүтэй зээл гаргах нь зах зээлийн зарчимтай нийцэхгүй гэсэн үндэслэлээр зогсоох шийдвэр гаргажээ.
 
Одоогийн байдлаар таван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдахаар 4 мянга гаруй иргэн хүсэлт ирүүлсэн бөгөөд үүнд 90 орчим тэрбум төгрөг зарцуулахаар байгааг албаныхан хэлж байна.
 
Төвбанкны шийдвэрээр ипотекийн зээлийн хөтөлбөрийг 80 хүртэлх ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэдэд үргэлжлүүлэн олгох юм байна. Харин 80 ам.метрээс дээш талбайтай орон сууцыг зах зээлийн зарчмаар арилжааны банкны зээлийн хүүгээр худалдан авах нь зүйтэй гэсэн байр суурийг Төвбанкныхан илэрхийллээ.
 
Б.Заяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг