sonin.mn
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдыг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
 
-Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын хүрээнд тус улсаас эрдэмтэн судлаачдаас бүрдсэн өргөн хүрээтэй бүрэлдэхүүн ирсэн гэж сонссон. Хоёр орны эрдэмтдийг хамруулсан ийм өргөн хүрээтэй хурал өмнө нь болж байв уу?
 
-Энэтхэг бол Азийн том орон. Монгол бол мөн Азийн эртний соёл иргэншилтэй улсын нэг. Манай хоёр орон түүх соёл, оюун санааны гүн гүнзгий холбоотой. Үүн дээр үндэслэсэн төр хоорондын харилцаа үүсч бэхжээд 60 жил болж байна. Энэхүү хурлаар өнгөрсөн хугацааны түүхээ дүгнэхээс гадна дараагийн жаранд хийх ажлаа тунгаан ярилцаж байна. Үүний зэрэгцээ салан тусгаарлах үзэл, шашины хэт даварагчид, зохион байгуулалттай гэмт хэрэг, байгаль орчин, цаг уур гэх зэрэг олон талт асуудлаар хоёр улс байр сууриа илэрхийлэхээс гадна хоёр талын хүрээнд яаж ажиллах уу, олон талт хүрээнд хэрхэн ажиллах  уу гэх зэргээр олон талаас нь асуудлыг ярьж байна.
 
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дипломат ажилтнуудаас гадна улс төрийн зүтгэлтнүүд, парламентад суудалтай намын төлөөлөгчид ирсэн. Хурлын хүрээнд УИХ-д суудалтай намуудтай уулзалт хийж байна. Дээр нь Монгол-Энэтхэгийн найрамдлын бүлгийнхэнтэй уулзалт хийсэн. Энэтхэгийн 10 гаруй их, дээд сургуулийн захирал ирж, манай улсын дээд боловсролын салбарынхантай уулзалт хийлээ.
 
Гадаад орнуудтай Энэтхэгийн соёлоор харилцах зөвлөл гэж байдаг. Энэхүү зөвлөлийнхөн ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын хамтын ажиллагааны газрын удирдлагатай уулзаж ярилцаж байна. Үүний хажуугаар соёлын холбогдох байгууллага, Бурхан шашинтны төв дээр уулзалтууд болж байна. Харахад хоёр өдрийн хурал юм шиг боловч олон талт уулзалтууд энэ өдрүүдэд болж байна.
 
-Хурлын бэлтгэл ажилд ЭСЯ-ны оролцоо их байсан байх. Хурлын үр дүнг хэрхэн харж байна вэ?
 
-Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа ажлын нэг нь энэхүү хурал юм. Аливаа ойг тэмдэглэхдээ өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэхээс гадна хэтдээ юу хийх вэ гэдгээ тодорхойлох боломж олддог. Бид Энэтхэгийн Засгийн газраас амалсан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхсэн. Энэ нь манай улс орны эдийн засгийн хөгжилд болон цаг үеийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэхэд тус болно гэж бодож байна. Мөн агаарын тээврийн шууд нислэг хийх боломжийг талууд бодитойгоор харж, хамтарсан нислэг үйлдэхсэн. Агаарын тээврийн тарифыг тохиролцооны үндсэн дээр нэг тарифтай болгохсон. Манай эмнэлгийн байгууллагууд данхар бүтэцтэй, халаалт дулаандаа төсвийнхөө ихэнхийг зарцуулдаг.
 
Эдгээр эмнэлгүүдийг өмч хувьчлалд оруулсан тохиолдолд энэтхэгийн сайн эмнэлгүүд манай улсад орж ирээсэй хэмээн харж байна. Ер нь бол хоёр орны эрдэмтдийг хамруулсан энэхүү хурлыг жил бүр хийх хэрэгтэй гэсэн миний санал байгаа юм. Ирэх жил Энэтхэгт зохион байгуулахыг оролцогчид санал нэгтэй дэмжиж байна. Хурал жил бүр зохиогдоод олон талын хүмүүсийг оролцуулаад байвал Монголыг дэлхий дахинд гэхэд байг гэхэд Азид таниулахад түлхэц болно байх гэсэн бодолтой байна.
 
-Таныг тус улсад Элчин сайд байх хугацаанд төрийн дээд хэмжээний ямар ямар айлчлалууд болж өнгөрөв. Ер нь Элчин сайд байх хугацаанд ямар ажил амжуулав?
 
-Өнгөрсөн хугацаанд Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч, парламентын Доод танхимын дарга тус тус айлчиллаа. Тус улсад ҮАБЗ-үүдийн хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо. Гадаад хэргийн сайд айлчиллаа. Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд хийсэн том айлчлал болсон. Айлчлал өндөр хэмжээнд олон асуудлыг шийддэг, харилцааныхаа хэм хэмжээг тодорхойлдог. Энэ утгаараа айлчлалд ач холбогдол өгдөг.
 
Одоо ойрын өдрүүдэд эрүүл мэндийн салбарын бодлого тодорхойлогчдыг энэтхэгийн зардлаар айлчлуулах гэж байна. Түүнчлэн дээд боловсролын салбарын төлөөллийг тус улсад ирэх 11 дүгээр сард айлчлуулж, энэтхэгийн их дээд сургуулиудтай хамтарч ажиллах боломж нөхцлийг хайна. Мөн ирэх сарын эхээр аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчдийг хүлээж авч, хоёр орны энэ салбарын нөөц бололцоо ямар түвшинд байгааг судлах бололцоог олгоно.
 
Монгол Улс  Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг тэргүүлж байна. Тэр чиглэлийн ажлуудыг ЭСЯ зохион байгуулна. Үүний зэрэгцээ ЭСЯ-наас Энэтхэг Улсад хийвэл зохих ажлын нэг бол улс орноо сурталчлан таниулах явдал юм. Өнөөдөр дэлхий дээрх 6 хүн тутмын нэг нь энэтхэг хүн байна. Тиймээс Энэтхэгийн сонин хэвлэлд сар тутамд эссэ нийтлэл бичиж нийтлүүлж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд олон тооны өгүүлэл бичлээ. Сая Энэтхэгийн гадаад бодлогын асуудлаарх гадны судлаачдын эмхэтгэл гарсан. Тус эмхэтгэлд Элчин сайдын хувиар хоёр орны харилцаа, манай орны гадаад бодлогын асуудлаар нийтлэл бичиж нийтлүүллээ.
 
-Манай улсын Засгийн газраас гадаад харилцааг эдийн засагжуулах зорилт тавьж буй. Хоёр орны хооронд эдийн засгийн харилцаа хэр эрчимжиж байна вэ?
 
-Улс орон зорилтоо тодорхойлдог байх нь зөв зүйтэй юм. Бидний хүчин чармайлтын үр дүнд хонины угаасан ноосыг энэтхэг рүү нийлүүлсэн. Ингэхэд тэдний тал чанар нь сайн байна, үнэ нь боломжийн юм. Дахиад хэдийг бол хэдийг авья гэж байгаа. Зарим тохиолдолд саад хүндрэл гарч байна уу гэвэл гарч байна. Тухайлбал, энэтхэгийн талаас 25 мянган үхрийн нойтон шир авья гэсэн. Гэтэл энэ асуудал дээр бага гэхгүй хүндрэл гарч байна.
 
-Манай залуусын дунд тус улсад IT, англи хэл болон бусад чиглэлээр их дээд сургуульд сурах сонирхол өндөр байдаг. Засгийн газрын тэтгэлэгт хэдий тооны элсэлт авдаг вэ. Хэдэн нь тэтгэлэгт тэнцдэг гэсэн үг вэ?
 
-Энэтхэгийг сурч боловсрох боломжтой улс орны нэг гэж Монголчууд үздэг. Тиймээс Энэтхэгийн талаас 50 оюутныг жилд тэтгэлгээр сургах боломж олгодог. Тэрхүү тэтгэлгийг бүрэн ашиглаж чадвал нэмэгдүүлэх бололцоотой. Гэтэл ашиглалт нь бүрэн дүүрэн биш байгаа учраас нэмэгдүүлж чадахгүй байна. Мэдээлэл дутмаг байж магадгүй. Тиймээс Улаанбаатар дахь Боловсролын мэдээлэл зөвлөгөө өгөх төвд хандаж болно. Нэг хүний материалыг гурван их дээд сургуульд хувилж явуулдаг. Үүний дараа их дээд сургуулиуд нь өөрсдөө шийдвэрээ гаргадаг. Юуны өмнө манай иргэд тэдний сургуулиудын тавьж буй шаардлагыг сайн ойлгож байж анкетаа бөглөх хэрэгтэй. Нөхцөл журмыг нь олж үзэх боломжгүй тохиолдолд туслалцаа үзүүлдэг байгууллагуудын дэмжлэгийг авах хэрэгтэй. Тэтгэлэг авсан тохиолдолд английн боловсролын системээр англи хэлтэй болно. Цаашлаад боломжит ажил тэнцэх, дэвшин сурах олон үүд хаалга ар араасаа нээгддэг юм.
 
-Төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудыг тус улс өөрийн Засгийн газрын тэтгэлгээр сургадаг. Богино хугацааны сургалтад манай орны иргэдийг хамруулаад хэдэн жил болж байна вэ. Жилд хэдэн хүн сургалтад хамрагддаг вэ?
 
 -Манай улсын үндэсний боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх тал дээр хийж буй өөр нэг ажил бол төрөл бүрийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдийг тэтгэлэгт хамруулах явдал байдаг. Энэхүү сургалтыг зохион байгуулдаг болсны 30 жилийн ой ирэх жил тохионо. Энэ тал дээр Монгол Улсын хэрэгцээ их. Олгож буй боломжийг зөв зохистой ашиглах нь зүйтэй юм гэсэн асуудал хурлын хүрээнд яригдаж байна. ЭСЯ-наас энэхүү сургалтуудад аль болох олон хүнээ хамруулах хүсэлтэй байдаг. Сургалтуудын жагсаалт, нөхцлийг олж аваад Улаанбаатар руу явуулдаг. Харин хэдэн хүн сурч төгсөөд хаана ажиллаж байна вэ гэдэг бол манай ажил биш юм.
 
-Одоогийн байдлаар Энэтхэгт манай улсад  хэдэн иргэн амьдарч байна вэ?
 
-УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд гадаадад байгаа иргэдээ сонгуульд хамруулах байх гэх үүднээс бүртгэл тооцоогоо нягталсан. Тэгэхэд 400 гаруй монгол иргэн амьдарч байгаа нь бүртгэгдсэн. Тэдгээрийн дийлэнх нь буддагийн гүн ухаанд суралцагсад байдаг. Бага шиг хувь нь гэр бүл болсон хүмүүс байсан.
 
-Сүүлийн үед хилийн чанадад яваа иргэдийн дунд гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байна. Тус улсад манай иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь хэр байдаг вэ?
 
-Тэнд ажиллаж амьдарч буй манай иргэд тус улсын хууль, дүрэм журмыг ёсчлон дагадаг. Мэдээллийн технологийн чиглэлээр сурсан зарим оюутан санхүү, зээлийн картыг хуурамчаар ашигласан, бусдад уруу татагдсан тохиолдол гарч байсан. ЭСЯ энэ асуудал дээр анхаарч, ял зэмийг нь нутаг оронд нь эдлүүлье гээд явуулсан. Гэхдээ ийм тохиолдол өргөн хүрээтэй байдаг юм биш.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг