sonin.mn
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрөгч 7 хоногт Дундговь, Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж, салбарын хэмжээнд тулгамдаад буй асуудал, нөхцөл байдалтай танилцсан.
 
Энэхүү томилолтын үйл ажиллагааны хүрээнд Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны автотээврийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Автотээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг анх 1991 онд байгуулсан байдаг. Хэдийгээр хоёр улсын хоорондох тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа ч тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой, эдийн засгийн үр ашигтай байх нөхцлийг бүрдүүлэх, аюулгүй, оновчтой, шуурхай зохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байгаа талаар сайд Д.Ганбат хэллээ.
 
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэсэн автозамын хилийн боомтуудаар нийт 791,3 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч 1.75 сая зорчигч, 13,63 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачаа тээвэр 35,7%-аар, зорчигч тээвэр 5.6%-аар тус тус нэмэгджээ.
 
Зам, тэврийн хөгжлийн сайд Д.Ганбат ӨМӨЗО-ны Зам, харилцаа тээврийн танхимын орлогч дарга Ли Хэ Пин тэргүүтэй албаныханд Тавантолгойн ордоос Гашуунсухайт-Ганц мод боомтын чиглэлд хийж буй тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилсан талаараа дуулгав. Энэхүү үйл ажиллагааг боловсронгуй болгож, олон улсын чиг хандлага, технологийн шинэчлэл, тээвэрлэлтийн өнөөгийн эрэлт хэрэгцээг харгалзан тээвэр зохион байгуулалтын оновчтой зөв менежментийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцлов. Түүнчлэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын зэрэглэлтэй болгох талаар харилцан санал солилцов.
 
ӨМӨЗО-ны Зам, харилцаа тээврийн танхимын орлогч дарга Ли Хэ Пин БНХАУ-ын зам, тээврийн удирдлагуудад дээрх саналыг уламжилж, тулгамдаад буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.