sonin.mn
Монгол Улсын ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар Энэтхэгийн нэрт монгол судлаач Локеш Чандраг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
 
Доктор Локеш Чандра нь Монгол Улсын ШУА-ийн гадаад гишүүн бөгөөд монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийг дэмжих, хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй улс төр, нийгмийн зүтгэлтэн юм. Тэрбээр Монгол Ганжуурыг бүрэн эхээр нь найруулан хэвлүүлж, Зава Дамдин зэрэг монгол мэргэдийн зохиол бүтээлүүдийг судлан шинжлэх, сурталчлан таниулах ажлыг олон жил биечлэн хийж ирсний зэрэгцээ 1967 онд “Монгол-Түвдийн шинэ бурхад” хэмээх 20 боть зохиолыг эмхэтгэн хэвлүүлсэн нэртэй судлаач, Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлийн Ерөнхийлөгч юм.
 
Түүний эцэг, Энэтхэгийн нэрт эрдэмтэн, улс төрч асан Рагу Вира нь Монголын эрдэмтэд түүний дотор соён гэгээрүүлэгч Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай дотно харилцдаг, Олон улсын монгол судлалын холбоог санаачлан байгуулагчдын нэг төдийгүй Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд дэмжихийг Энэтхэг Улсын Ерөнхий сайд агсан Жавахарлал Неруд аминчлан захисан нэгэн гэлцдэг.
 
Доктор Локеш Чандрагийн тэргүүлдэг Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөл жил бүр 50 монгол оюутан залуусыг Энэтхэгийн их, дээд сургуулиудад хүлээн авч бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамруулдаг аж.
 
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг