sonin.mn
Жил бүрийн аравдугаар сарын 1-ний   Олон улсын болон Монгол Улсын ахмадын өдрийг тохиолдуулан ЗХЖШ-ын удирдлагууд жил бүрийн энэ өдрүүдэд ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа өнөөдөр Зэвсэгт хүчинд ажиллаж байсан ахмад үеийнхнээ Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Соёлын төвд хүлээн авлаа.
 
Тэрбээр "Бидний бахархан дуурайж ирсэн ахмад үеийнхэндээ "Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан баярын мэнд хүргэе. Зэвсэгт хүчний хөгжлийн нэгэн үеийг амжилттай үүрч явсан та бүхнээрээ бахархаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхийн хуудсанд тод мөрөө үлдээсэн Та бүхэн батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүлэх, ялангуяа өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, дадлагаар олж авсан арвин баялаг туршлагаа өвлүүлэх эрхэм хүндтэй үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна" хэмээн ахмадууддаа баяр хүргэв. 
 
Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалаар  ахмадууддаа "Эх орны төлөө", "Чөлөөлөх дайны ялалтын 70 жил", "Ахмад дайчин" зэрэг медалиудыг гардуулан өгсөн юм.Мөн хүлээн авалтын үеэр ахмадууд  Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг үзэж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхов.
 
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг