sonin.mn
Хангарьд ордонд үргэлжилж буй НИТХ-ын хуралдааны үеэр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийн төлөөлөл НЗД-т хүсэлт хүргүүлэв.
 
БЗД-ийн 14 хороонд "Моннис", "Бүрд", "Их Өргөө" компани 2012 оноос дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд барилгын ажил гэрээнд заасан хугацаандаа дуусаагүй байна. Дээрх компаниуд 2015 онд барилгын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байсан юм. Түүнчлэн гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд тухайн газар оршин сууж байсан иргэдийг өөр байранд шилжүүлж, түрээсийг нь өгөх ёстой. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш сар бүр 700 мянган төгрөгийн түрээс олгодог байсан боловч 2015 оноос 300 мянга болж буурчээ. Харин энэ оноос огт түрээсийн мөнгө өгөхгүй байгааг иргэд онцлов. Түүнчлэн иргэдэд барилга хугацаандаа дуусахгүй байгаа шалтгаан болон түрээсийн мөнгө өгөх эсэх талаар мэдээлэл өгдөггүй аж. Тиймээс НЗД-ыг дээрх асуудлыг нэн дариу шийдвэрлэж өгөхийг хүслээ.
 
НЗД-ын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг дээрх газарт ажиллаж, барилга хугацаандаа ашиглалтад өгөөгүй шалтгааныг тодруулахаар судалгаа явуулж эхэлсэн байна. Дээрх байршилд амьдарч байсан иргэдийг 14 хоногийн дотор нэгдсэн байдлаар дамжин өнгөрүүлэх сууцанд оруулж, хариуцлага алдсан аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчээр өөр компани тодруулна хэмээн НЗД С.Батболд амлав.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг