sonin.mn
В.Лениний бичсэн ийм нэртэй нэг ном байдаг. Түүний утга, агуулга нь бус нэр хэлбэр нь санаанд ороод эл өгүүллээ гарчиглав. Шинэ тутам байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар данс нь улайсам, өр зээлдээ баригдсан улс орныг хүлээж аваад давын өмнө тэвчиж болох бүх зардлыг хэмнэх, тухайлбал төрийн өндөр албан тушаалтны цалинг 20 хувиар танах, тэтгэвэрт гарах албан хаагчдад сул өгдөг 36 сарын тэтгэлгийг 12 cap болгох, хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн өрхөд (60 хувьд нь гэсэн үг) эхлээд олгох, үүний зэрэгцээ манайхаас бусад бүх улс оронд байдаг үл хөдлөх хөрөнгийн татвар тогтоох, орлогын шаталсан татвар бий болгож хагас саяас дээших орлогод илүү хувиар ногдуулах зэрэг "бүсээ чангалах" чиглэлийн хэд хэдэн арга хэмжээ төлөвлөн УИХ-д оруулсан нь манийхаар ёстой алхам урагшилж нүдээ олсон санаачлага байлаа. 
 
Мөн дэлхийд нийгмийн даатгалын хамгийн бага шимтгэлтэй (сайны тэмдэг гэхээсээ боловсроогүй дутуугийн тэмдэг, учир нь ажил олгогчоос авах татвараа нийт татвар төлөгчдөөс нөхөн төлүүлж байгаа), түүний улмаас тэтгэврийн төлбөрийн гуравны нэгийг нийтийн төсвөөс нөхдөг гажуу тогтолцоог залруулан аж ахуйн нэгжээс авах шимтгэлийг багахан хэмжээгээр нэмэгдүүлэх, эрэгтэйчүүдээсээ бараг арван насаар илүү насалдаг атлаа тэтгэвэрт таван насаар залуу гардаг эмэгтэйчүүдийнхийг жил жилээр нэмэгдүүлэх санал бол тэтгэврийн шинэтгэлийн олон жилийн хоосон яриаг ажил хэрэг болгох том алхам байлаа. 
 
Гэтэл шинэ парламент уг саналыг унагаснаараа намынхаа мөрийн болон сонгуулийнхаа хөтөлбөрт ямагт тавьдаг баян нь улам баяжиж ядуу нь улам ядуурах болсон чиг хандлагыг өөрчилж дундаж ангийг нийгэмд зонхилуулах тухай нийгмийн дэвшилд нийцэж, олон нийтэд таалагдсан зорилгоосоо хоёр алхам ухрав уу гэлтэй. 
Энэ суурь зорилгыг орлогын шатлалтай татвар, үл хөдлөх хөрөнгийн болон өвийн татвар тогтоохын хамт хамгийн дээд болон доод цалин орлогын хоорондох хэтэрхий ялгааг багасган байж шийдвэрлэдэг, олон улсад шалгарсан, түүний дотор АНУ, баруун Европ даяар хэрэглэдэг эдгээр аргаас өөр ямар ид шидээр биелүүлэх болж байна вэ.
 
Энэ ертөнцөд ид шид гэж байдаггүй болохоор эцэстээ дурдсан арга хэмжээг арга буюу хэрэглэх, эсвэл баян цөөнх нь хэт баяжин багтаж шингэхгүй болсон их орлогоо гадаадад оффшор Дансанд хийж нуусаар байх, ядуу олонх нь улам туйлдсаар нийгэм даяараа бусдын боол босгоны шороо болох тавилан хүлээж байгаа. 
Жич, хамгийн их ба бага орлоготны ашиг орлогын ялгамжааг харуулдаг Жиннийн коэффицентоор манайх дэлхийн топ аравт орох болсныг дурдъя. Эдгээр арга хэмжээг одоогоор орлогоо нуун татвар төлдөггүй буюу хагас дутуу төлдөг, талбай нь зуу зуун ам метрээр хэмжигдэх нэг буюу хэдэн байр хаустай, нэлээдийг нь түрээсэлдэг, голдуу цээж өвчтэй шинэ баян, урлаг, соёлын зарим “од", “нэртэй" нийтлэлч, за тэгээд хөрөнгө чинээ гэхээр юмгүй мөртөө учрыг эс ухаарсан сэтгүүлчид л эсэргүүцэж байлаа.
 
Харин Монголбанк Засгийн газрын анхны саналыг угтан авч мөнгөний бодлогоо зохицуулж эхэлсэн ч засаг саналаасаа ухарснаар бодлогын хүүг нэмэгдүүлэн мөнгөний нийлүүлэлтийг хумьж, төгрөгийн ханшийн сулралыг тогтоон барихаас өөрцгүй байдалд хүргэлээ. Энэ нь хэрэглээ, инвестицээр голлон илрэх нийлбэр эрэлтийг сааруулж, бодит үйлдвэрлэл нийлүүлэлтийг нэг хэсэгтээ л зогсонги байдалд оруулна. 
 
Ийм байдлыг удаан үргэлжлүүлж үл болохын учир Засгийн газар ирэх оны төсвийн алдагдлыг туйлын утгаар багасгах, уг алдагдлыг дотоодын бус эх үүсвэрээр хаах, өөрөөр хэлбэл, дотоод хөрөнгө оруулалтын орчинг үл шахах арга замыг сүвэгчлэх аваас зээлийн хүү буурч хувийн хөрөнгө оруулалт эрхбиш идэвхжих ба үүнтэй зэрэгцэн гадаадын шууд хөрөнгө орж эхэлбэл бодит эдийн засаг сэргэж эхлэхийг эрх баригчид ухамсарлаж буй биз ээ. Үүнд олон улсын санхүүгийн байгууллага-ОУВС, Дэлхийн банк, АХБ-ны тус дэмжлэг 90-ээд он, энэ зууны эхний үеийнх шиг ус, агаар лугаа адил хэрэгтэйг олон нийтээр мэдрээсэй билээ. 
 
Засаг төрийг байгуулахад хүн бүрийн тус хэрэгтэй гэдэг шиг санхүү, эдийн засгийн хямралыг даван туулахад иргэн бүрийн үүрэг оролцоо хэрэгтэй. Иргэд нь цалин, тэтгэвэр, тэтгэмжээ хэвээр нь юмуу нэмүүлж хүртээд,аж ахуйн нэгж нь ашиг орлогоо хуучнаараа авч ашиглаад, татвар түрээсээ хөнгөлсөн хэвээрээ, улсын төсөвт ямар ч нөлөөгүй, юу ч болоогүй юм шиг авирлах нь мэдээлэл багатай иргэдийг хий тайвшруулж аюулыг түр холдуулах авч улс орны ирээдүйг боомилох аюултай. Үүнд ахмадад амлаад буй насны хишгийг ч түр тэвчиж болно. Аливаа амлалтыг анхны жилээсээ л биелүүлэх хуульгүй бөгөөд ээлж дараа, эрэмбэ дугаар гэж бий. 
 
Ер нь шинэтгэл ба улстөрийг дөрөвхөн жилд нэг зэрэг хийж барахгүй нь үнэн тул тулхтай, нэр төртэй нам реформыг эрхэмлэх боломжийг ашиглавал зохино.Нүүрлэсэн бэрхшээлийг үүрэлцэхээс зайлсхийлгүй хэн бүхэн шамдан улс орноо шигдсэн намгаас нь татан гаргасны хойно гарах үр шимийг нийтээр нөхөн хүртэх бүрэн үндэстэйг мэдүүштэй, бас мэдүүлүүштэй. Жич, нүүрээ “ширлэсэн” сөрөг хүчин юмуу нүдээ “шиллэсэн" популистууд шиг ард иргэн, аж ахуйн нэгждээ ачаа үүрүүлэхгүйгээр хямралаас гаргая гэх мэтийн үндэслэлгүй, хоосон лоозон парламентын олонх дотроос сонсдох нь их л сөөлжүү, ижлээ олоогүй мэт санагдах ажээ.
 
Ши.Батбаяр
/СЭДС-ийн проф,багш/