sonin.mn
НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд эхэлж, НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна.
 
НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, иргэнээ дээдэлсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болоход чиглэсэн байна. Мөн хотын эдийн засгийн тогтвортой бие даасан байдлыг бүрдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхдээ иргэд, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлах, сурч боловсрох, ажиллаж амьдрах орчинг сайжруулах, амжиргааны түвшний ялгаага бууруулах зэрэг зорилтыг тусгасан байна. Үүний тулд эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг өрх бүрт хүргэх, хот байгуулалт, дэд бүтцийг сайжруулж, байгаль орчин, ногоон хөгжлөө дээдлэж, нийгмийн хөгжлийг тэгш хүртээмжтэй болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн хэмээн НЗД С.Батболд танилцууллаа.
 
Тэрбээр, “Эдийн засгийн өсөлт бол гол зорилт. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангана. Монгол Улсын боловсруулах үйлдвэрийн 70-80 хувь нь Улаанбаатар хотод байдаг. Тиймээс шинэ технологи, инновацийг цогцоор нь хөгжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар хотын дагуул хот, Эмээлтийн хөнгөн үйлдвэр, Налайхан барилгын материалын үйлдвэр, Багануур үйлдвэрлэл, технологийн паркад тулгуурлах юм. Бид “Улаанбаатарт үйлдвэрлэв” брендийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, жуулчид Улаанбаатар хотын бренд гэсэн ямар нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаж авдаг нь тодорхой биш. Тиймээс бид энэ брендийг бий болгоно.
 
Хүнс, хөдөө аж ахуйн салбар бол нийслэлийн аж амьдралын томоохон хэсэг. Нийслэлд Монгол Улсын нийт иргэдийн 50 хувь амьдарч байна. Тиймээс нийслэлийн ойролцоо эрчимжсэн мал аж ахуйн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, жилийн 4 улиралд эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьж байна. Хотын баруун болон зүүн захад мах боловсруулах үйлдвэр байгуулна. Нийслэлийн иргэд зөвхөн үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах, сүү хэрэглэх болно.
 
Бид Зүүн хойд Азийн аялал жуулчлал, биезнесийн төв болох зорилт тавьж байна. Монгол Улс морьтнуудын өлгий. Гэтэл Улаанбаатар хотод энэ төрлийн үзүүлбэр, нийтийг хамарсан арга хэмжээ байдаггүй. Тиймээс бид морин тойруулга, морьтай аялал зэргийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа.
Мөн үйл ажиллагааны хөтөлбөрт Газрын харилцааг ил тод болгож, газрыг цахим хэлбэрээр худалдах, газрыг эдийн засгийн эргэлэтэд оруулах, Газрын сан байгуулах зэрэг ажлууд ч туссан байна.  Гэр хорооллын дэд бүцтийг сайжруулах, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүцтийг дуусгаж, “Дамбадаржаа”, “Яармаг”, “Дэнжийн мянга” гэсэн хотын дэд төв байгуулах ажлыг эхлүүлнэ.
 
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ менежмент нэвтрүүлж, ачааллыг 50 хүртэл хувиар бууруулна, хотын автозамын сүлжээг сайжруулж төмөр замаар тусгаарлагдсан гудамж, замуудыг холбосон нүхэн гарцуудыг шинээр барих, гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулна,  Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийхээр хөтөлбөрт тусгасан. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор тусгай замын автобус буюу BRT төслийг эхлүүлнэ. Ирэх жилийн 9 сард гэхэд эхний шугамыг нээж, ашиглалтад оруулна. Мөн нийслэлийн өрх бүрээр орж, ажилгүй байгаа иргэдтэй уулзаж, боломжтой хүмүүсийг ажилд дуусах арга хэмжээ зохион байгуулна. Энэ ажил маргаашнаас эхлэх болно” хэмээв.
 
НЗД-ын танилцуулгын дараа НИТХ дахь намын бүлгүүд санл, дүгнэлтээ танилцуулав.
НИТХ дахь МАН-ын бүлэг НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцээд дэмжиж, батлах нь зөв гэсэн дүгнэлтэд хүрчээ. НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр шинжлэх ухаанд тулгуурласан үйлдвэрлэл хөгжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бичил бизнесийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг нийслэлд шийдвэрлэх шаардлагатай байгаа цаг үеийн чухал асуудлуудыг тусгасан байна. Түүнчлэн нийгмийн үйлчилгээг сайжруулах, аялал жуулчлал, нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх заалтууд орсон тул НИТХ-аар хэлэлцэж, батлах нь зөв хэмээн санал, дүгнэлтдээ тусгажээ.
 
Харин АН-ын бүлэг НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг санаачлагчид нь буцаах нь зөв гэсэн санал гаргасан байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны хөтөлбөрт бичил бизнесийг дэмжих, “Найрсаг Улаанбаатар” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр нь МАН-ын 2016 сонгуулийн мөрийн хөтөлбөртэй зөрчилдөж байна. Тухайлбал, “Нэг өрх нэг орон сууц” хөтөлбөр, залуу гэр бүлийг нэр өрөө орон сууцанд хамруулах эрх зүйн орчин бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн 400-гаас доошгүй автобусаар Нийслэлийн нийтийн тээвэрт шинэчлэл хийх зэрэг амлалтаа тусгаагүй хэмээн дүгнэсэн байна.
 
Ийнхүү АН-аас гаргасан НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг санаачлагчид нь буцаах саналаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй. Хуралдаан төлөөлөгчдийн асуулт, хариултаар үргэлжилж байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг