sonin.mn
Амьдралын холхи цагаан хөтлөөр даваад буцахын хөндий уруудан цуварч цөөрч яваа ахмадын нэг нь би юм. Бид олныг мэддэг ч гагцхүү хөгширснөө мэдэхгүй өтөлсөн, гэнэн цайлган өвөө эмээ нар. Цаг хугацаа гуай ингэж л биднээр даажигнасан байгаа юм.
 
Харин цаг хугацаа яагаад ч хүчрэхгүй бөх бат нэгэн зүйл үлдсэн, түүгээрээ бид бахархан омогшиж явдаг. Тэр бол өвөө, эмээ бидний гэмгүй ариун сэтгэл. Өвгөн миний бие энэ удаа сэтгэлийнхээ тийм нэгэн эмзэглэлийг тэвчиж чадахгүй гансрахдаа эл зүйлийг бичлээ. Түрүүхэн бичсэн “Эрх мэдэл арван лан гэвэл эв нэгдэл мянган лан" нийтлэлтэй минь амь санаа нэг, хүнээр бол түүний үеэл дүү болох бүлэг юм.
 
...Олон жилийн тэртээ харсан гунигт нэгэн учралыг эдүгээх яг энэ агшинд ахиад нэг үзэх шиг болдог юм байна.
Тэр явдал 1951 онд болсон байдаг. Зул сарын ноход цугларч байсан үе. Сумын хоршооны агент залууд нэг ширхэг нохойн арьс олж ирэх даалгавар оноожээ.
Тэр золбин нохой ангуучлахаар гадаад хийцийн хурдан буу үүрээд гарчээ.
 
Сумын төвд төөрүүлж орхисон тасман нарийн биетэй золбин жингэрийг хавийн олон ноход булаалдан хэмхэлдэж бүхий үзэгдэж. Тэрхэн зуур гэтэж очоод тэрхүү жингэрийг хар хулхиар нь нам буудчихжээ. Ээ харла, заавал тэр хөөрхийг түрүүлж бууддаг нь юу ч билээ хэмээн бодмоор. Гэтэл тэрнээс бусад нь өмөөрч заргалдах эзэнтэй ноход байсан юмсанж.
 
Бараг далан жилийн тэртээх энэ явдлыг эдүгээ дахин сэдрээж бодсон учир гэвэл, тэр гунигт явдал Монгол эх орны маань өнөөдрийн гашуухан хувь тавилантай ав адилхан санагдсаных юм. Чин үнэнииг тодруулан хэлэхэд өнөөдрийн Монгоп Улс үнэндээ эзэнгүйджээ. Төр муу менежер гэдэг нь гайхамшигтай үнэн үг шиг байна. Төр үнэхээр муу эзэн юм байна. Тэр тусмаа парламентын төр гэдэг бүр муу нь байж таарлаа. Эзэнгүйдсэн Монголыг эзэнтэй болтох сайн гарц бий юү гэвэл бий. Гэхдээ олон биш ганцхан гарц харагдаж байгаа.
 
Тэр бол Монгол Улсыг төр засагтай нь цуг нэг багц болгон хувьчлах “хаан хувьчлал’’-ын гарц. Монгол Улсыг тийнхүү хаан хувьчлалаар “хувьчилсан” тохиолдолд түүнийг авсан шинэ эзний оюун тархинд нэг мэргэн ухаан дорхноо ороод ирнэ. Тэр чухам юуг тийнхүү сэтгэх бол гэвэл, Монгол Улс гэдэг чинь хүн, мал, адгуус амьтны адил хоол тэжээл хэрэглэн амьдардаг “амьд ертөнц юм” гэдгийг л ухамсарлах болно.
 
Тэгээд төр улсынхаа халуун амь, бүлээн амьдралыг нүдний цөцгий мэт хайрлахын тулд юуны өмнө сайн хооллож, тэнхрүүлэх учиртайг мэдрээд авна. Цааш нь Монгол гүрнийг хооллож байдаг амин тэжээл нь зөвхөн төрийн татвар мөн байдгийг мэдрэх болно. Энэ бол харин ихээхэн ховор нандин мэдрэмж. Английн Ерөнхий сайд асан Маргарет Тетчер улс орноо мөнгө санхүүгийн хямралаас татвараар татаж гаргаад “төмөр хатагтай” нэр авсан үнэн түүх байдаг байхад хөх толбот монгол эзэн хүн тэр зэргийн ухааныг ухаж ойлгохгүй мунхаглана гэж ер үгүй. Төр, татвар хоёр бол нэг л бүхэл бүтэн бие цогцос.
 
Татваргүй бол төр улс турж үхнэ. Төр улсгүй бол татвар харангадаж үхнэ. Үүнийг зөнгөөрөө мэдэрсэн шинэ эзэн шууд л авдаг татвараа ч нэмээд, өгдөг цалин тэтгэврээ ч бас нэмж орхино. Тэгэнгүүт урагшаа алхдаггүй ургаа хад шиг хөшсөн өнөөх мөнгөн гүйлгээ гэдэг нь салхи авсан янгир гөрөөс пяс хийтэл тургиж, дэр хийтэл хуйлран одохын адил дорхноо сэргэж, хурд хүч аван урагшилна. Тэр сацуу татвар төлөгчдийн борлуулалтын гүйлгээ хурдсан, тэр хэрээр ашиг олж дорхноо бэхжиж тэнхэрнэ.
 
Татвар нэмснээр хэн ч хохирохгүй, бүх нийтээр хожих болно. Бас авилга байхгүй болж хээл хахуульд алддаг байсан багагүй зардлыг нийгмээрээ хэмнэх болно. Харин одоогийн парламент татварын иймэрхүү шинэтгэлийг шийдэж чадахгүй байх. Том олигарх эздийн хатуу хяналт шахаанд орсон байгаа учраас парламентын төрийн эр зориг дутна. Хэрэв эр зориг гаргах гэж оролдвол нүд ирмэж, хуруу инчдэхийн төдийд огцруулж орхино. Монголын төр, засгийн дэргэд өнөөгийн олигархууд гэдэг бол дэл зогдор нь сагсайсан, дуу хоолой нь хүржигнэсэн циркийн хул хонгор арслан л гэсэн үг. Энэчлэн тодруулж байгаа угтвар мэдээллийг эргэцүүлж байгаад “Төрийн хаан хувьчлал” гэдэг нь Ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэсэн далд утгатай үг болохыг хашрууд хэдүйн ойлгосон биз ээ.
 
Парламентын засаглал гэдэг бол олон толгойтой улсыг ч ардчилсан болгож харагдуулдаг гоё нэр. Олон толгойтой байх нь огт толгойгүй байхаас бараг өөрцгүй. Эсрэг өнцгөөс харвал энэхүү олон толгойт засаглал нь үндэсний эв нэгдлийг эвдэн бусниулагч “эвэр засаглал” гэмээр харагддаг. Ер нь хэзээнээс янагш нүүдэлчин малчдын айл саахалтын үзэл санаагаар амь санаа нэгтэй явсан монголчуудын дотоод эв нэгдлийг сарниулж, хүчийг нь тарамдуулахын тулд гаднаас сэмхэн шургуулсан улс төрийн бодлого байсан юм биш байгаа хэмээн хардах сэтгэл заримдаа төрдөг билээ.
 
Ямар ч атугай сүүлийн хорин хэдэн жилд дээрээ 76 толгойтой. түүний доор эн чацуу “төрийн өндөрлөг” гэж давхар гурван толгойтой болсны гайгаар монголчууд амаа цангатал хэрэлдэж. ёс жудгаа дундартал нэгнийхээ мууг үзэж хэлмэгдүүллээ. Зуун ямаанд жаран ухна гэгч шиг энэ олон толгойтой байх ямар их аюул хөнөөлтэйг арьс махан дээрээ мэдэрлээ.
 
Мөнөөх ямаагаар зүйрлэн харвал Монгол Улс сүүлийн он жилүүдэд дандаа “хээл хаяж сувайрсан” хэмээн зүйрлэж болно. Улс орон бүхэлдээ эзэнгүй үлдсэн эмээл шиг хагсаж, усгүйдсэн шавар мэт ангаж байна. Хэрвээ итгэхгүй байвал өнөөгийн энэ их өр зээлийг хар. Татвараас нуусан гучин хэдэн их наядын хөрөнгө орлогыг  тооц. Гадаадад урван дайжсан оффшор дансны олон тэрбумын валютыг хар, Оюутолгой, Таван толгой, шинэ төмөр замын төслийг хар. Төр төмбөгөр , ёс ёмбогор явсан төрт ёс ямар их бүдгэрч баларсныг хар. Эзэнгүй мэт байгаа биз дээ. Одоо энэ бүхэнд эцсийн цэг хатгаж, ирээдүй хойчоо бодох цаг болсон.
 
АНУ, Англи, Франц, Герман, Япон, Орос, Хятад, Солонгос, Катар, Иран, Казакстан гээд манай хол ойрын бүх түнш мулгуу муудаа ганц толгойтой (Ерөнхийлөгчийн болон эзэн хаант засаглалтай) болсон хэмээвэл оргүй худлаа. Монголчууд ухаалаг сайндаа олон толгойтой (парламентын засаглалтай) болсон гэвэл бас худлаа. Монгол гэдэг энэ улс ингэтлээ эв нь эвдэрч нуруу нь нугарах гэж тэвдүүлээд байгаа нь олон толгойт төрийн нүгэл хилэнц гэвэл тэр үнэн.
 
Дээр нэр дурдсан манай түншүүд олон толгойт парламентын засаглалаас зайлсхийж, ганц толгойт хариуцлагатай төртэй болсон учраас илүү хурдан ухаалаг хөгжсөн нь бас үнэн. Зүй нь хорин таван жилийн өмнө шинэ Үндсэн хуулиараа л Ерөнхийлөгчийн засаглал тогтоочих байсан юм. Хэрвээ тэгэхэд ийм засаглал тогтоогоод авсан бол эдүгээ Алтайн цоохор ирвэс адил сунан дүүлэн хурдалж, суга үсрэн хөгжөөгүй юм байж гэхэд өнөөгийнх шиг өр зээлийн боол арай ч болчихгүй байсан буй заа. Аргаа барсан ард түмэн эдүгээ авралтай удирдагчийг л хүсэн хүлээж байх шиг байна. Монгол Улс гэж оршин байгаа цагт орчин үеийн Гэсэр, Жангар,. Чингис, Өгөөдэй, Сүхбаатар шиг аугаа удирдагч, баатрууд олдох л болно. 
 
Харин өнөөгийн манай Ерөнхийлөгч шиг тоглоомын удирдагчтай хэвээр байх юм бол тэнд мянган Гэсэр, түмэн Чингис байлгаад ч нэмэр байхгүй. Шинэ зууны Монгол Улсын төр ингэтлээ будилж, самуурсан нь чухам хэний, юуны гай зэтгэр вэ хэмээвэл хий хоосон улс төржиж байгаад төрийн тэргүүнээ хүүхэлдэй болгосон шинэ Үндсэн хуулийн балаг гэж би боддог.
 
Ерөөсөө манай шинэ Үндсэн хууль нь “олон тарвага ноохойгоо цуглуулдаггүй" гэгчээр эдлэх эрхээ булаацалдаж, үүрэх хариуцлагаа харилцан түлхэлцдэг салан задгай байдлын загвар дүрэм болж байх шиг харагддаг. Захын баримт хэлэхэд, саналыг нь харгалзахгүй мөртлөө хэн гэгч хүнийг төрийн сайд болгох гэж байгааг Ерөнхийлөгчид заавал танилцуулахаар хуульчилсан нь тэр хүний янзыг үзэж тохуурхах гэсэн оролдлого биш гэж үү. 
 
Улаан мөнгөний толгой мэдэх эрхгүй Ерөнхийлөгчид улсын төсөв баталсан хууль тогтоолыг уламжилна гэдэг бас л төрийнхөө тэргүүнээр доог хийж байгаагаас өөр юу юм бэ. Тэртэй тэргүй тавьсан санал ба хоригийг УИХ хүлээн авахгүй байх эрхтэй юм бол хэчнээн удаа санал хэлж, хэдэн удаа хориг тавилаа гээд мөн чанар нь өөрчлөгдөхгүй шүү дээ. Хориг тавьдгийг нь харвал төрийн тэргүүн нь том, хоригийг хүлээн авахгүй байх эрхтэйг нь үзвэл УИХ нь том. Энэ хоёр “аавын чээж’’-ийн чухам аль нь том, хэнийх нь зөв байдаг юм бүү мэд.
 
Иргэнийг эд хөрөнгө, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн маш амттай сайхан заалт Үндсэн хуульд байдаг. Энэ бол үнэндээ Үндсэн хуулийн амин сүнс буюу лугших зүрх, судас нь болсон заалт байлтай. Гэвч тэр цагаас өнөөг хүртэл мөнгөгүй, намгүй хүн бол хэчнээн хүсээд ч төрд сонгогдох, зээл авч аж ахуй эрхлэх, орон сууцтай болох эрхгүй болчихоод байна. Төр засгийн хүний нөөцийн бодлогод сүүлийн үед маш ноцтой гэхээр, Үндсэн хуулийн эсрэг утгатай зөрчил илэрч байгаа.
Учир юу гэвэл, багаар ажиллах гэдэг сайхан нэрээр “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр", “Мөнгөгүй анд нөхрөөс мөнгөтөй дайсан чухал хэрэгтэй” гэсэн маш ноцтой үр дагавар бүхий хандлагаар төр засгийн удирдах боловсон хүчнийг танил тал, мөнгө хөрөнгөөр ялгаварлан гадуурхаж томилдог үйл ажиллагаа газар авсан. 
Энэ бол үнэн хэрэгтээ тун их харгис утга агуулгатай дарангуйлал юм. Нохойд естэй бол хормойгүй, ноёнд өстэй бол толгойгүй гэгчийн үлгэр болж байна.
 
Үүний хор уршгаар төрд ажиллуулж ашиглавал зохих хамгийн үнэнч шударга, тууштай зарчимч, өргөн мэдлэгтэй эгэл түмэнд илүү ээлтэй төлөв даруу хүмүүжилтэй хүмүүс улс төрийн хүрээний гадна үлддэг болсон.Энэ бүхэн бол ардчилсан Үндсэн хуулийн тулгуур багана болдог тэгш байдлыг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн тэр заалтыг үл ойшоож хувийн тааллаар хандаж байгааг тод харуулж байна. 
 
Үндсэн хуулийг иинхүү илэрхии зөрчиж байхад хянан зохицуулах хууль эрх зүй болон эдийн засгийн найдвартай баталгаа хангагдаагүйн учир яаж ч болохгүй олон жил үргэлжиллээ.Фракц, бүлэглэлийн засаглал гэдэг нь үнэндээ иймэрхүү л ёс бусын дарангуйлал мөнөөс мөн. Энэ бол чухамдаа ардчиллын суурь ганхаж, тооно нь хазайж байна гэсэн үг
 
-Тэгш байдлын зарчим зөрчигдөхийн хэрээр ялгаварлан гадуурхах дарангуйлал цэцэглэдгийг монголчууд сэтгэл түгшин харсаар ирлээ. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн тэгш байдлын тухай зарчмыг дуртай бол биелүүлдэг, дургүй бол больчихож болдог сайн дурын юм шиг болсонд иргэд ихэд харамсч байна. Энэ үүднээс үзвэл улс орны өнөөдрийн гүн хямрал бол тойруу утгаараа Үндсэн хуулийн чанартай хямрал болоод байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл, “эцэг” хуулийг үл ойшоож, эс биелүүлэх явдал хяналтаас гарахад ойрхон байна. 
 
Энэхүү ноцтой байдлыг цаашид  даамжрахаас урьдчилан сэргийлж юуны өмнө парламентын засаглалыг азнаж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоовоос зохилтойг уншигч түмний оюун сэтгэлийн гэгээн мэлмийд айлтган толилуулъя.
 
Үндсэн хуулийг шууд л багалзуурдаж, муужруулдаг ялгаварлан гадуурхагч дарангуйлал хэмээх “зуудаг ноход”-ыг дангинатал гинжлэн уяж, чадвал төмөр пүнзэнд хийж түгжихийг бас гуйж байна. Тэрхүү найдвартай гинж, төмөр пүнз гэдэг нь Үндсэн хуулийн улс төр-эдийн засаг, хууль эрх, ёс зүйн баталгааг утга дүйцүүлэн ийнхүү нэрлэснийг энд учирлан тайлъя. Үндсэн хуулиа хамаагүй шүүмжилж олон хүний сэтгэлд нийцэхгүй санал хэлсэн байх аваас хүлцэхийг хүсье.
 
Х.Цэвлээ 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн