sonin.mn
МОГАДИШО. /Al jazeera/. Сомалийн хойд хэсэгт АНУ-ын явуулсан агаарын цохилтын ажиллагаанд өртөн 22 цэрэг амиа алдсан гэж бүс нутгийн нэгэн албаны хүн хэллээ. 
 
Галмудуг мужийн Аюулгүй байдлын сайд Осман Иссагийн хэлснээр, лхагва гарагийн өглөөгүүр болсон агаарын дайралтад түүний командалж байсан 22 цэрэг амь үрэгджээ. Түүнтэй сөргөлдөгч муж болох Пунтландын эрх баригчид Иссагийн цэргүүдийг “Аль-Шабааб”-ын террористууд хэмээн буруугаар ойлгуулж, агаараас дэмжлэг үзүүлэхийг америкчуудаас хүссэн байна. 
 
“Пунтланд мужийнхан америкчуудад буруу мэдээлэл өгсний улмаас тэд биднийг бөмбөгдсөн” гэж О.Исса “Reuters” агентлагт ярьжээ.
Харин Пентагоны төлөөлөгч ахмад Жефф Дэвис хэлэхдээ, сайжруулсан тэсрэх төхөөрөмж үйлдвэрлэдэг сүлжээг устгах ажиллагааны явцад Сомалийн цэргүүд босогчидтой буудалцсаны дараа АНУ "өөрийгөө хамгаалах зорилгоор агаарын дайралт" хийсэн гэжээ. Ж.Дэвисийн хэлснээр, “Аль-Шабааб”-ын есөн цэрэг уг агаарын цохилтод өртөн амь үрэгдсэн ба өөр бусад хүмүүс цохилтод өртсөн эсэхийг нягталсан мэдээллийг Пентагон хүлээж байгаа ажээ.
 
“Эдгээр мэдээлэл нь баттай эсэхийг нягталсан тайлан мэдээллийг хүлээж байна. Хэрэв эдгээр нь үнэн бол бид мөрдөн шалгалт явуулах болно” гэж Ж.Дэвис хэлжээ. АНУ-ын нисэх онгоцууд “Аль-Шабааб”-ын эсрэг олон  удаа агаарын дайралт хийсэн юм.
 
Харин “Аль-Шабааб” бүлэглэлийнхэн мэдэгдэхдээ "лхагва гарагт агаарын цохилт өгсөн газарт манай цэргүүд байгаагүй" гэжээ. Тус бүлэглэлийн төлөөлөгч Шейх Абдиасис Абу Мусаб хэлэхдээ “Галкаё бүсэд манай бааз ч байхгүй, цэргүүд ч байхгүй” гэжээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг