sonin.mn
Монголчуудын элэгний өвчлөл аль хэдийн хяналтаас давсан гэдгийг эмч мэргэжилтнүүдийн өгч байгаа мэдээллээс төвөггүй ойлгож болно. Монгол Улсад элэгний С вирусын халдвартай 400 мянган хүн байна.
 
D вирустэй хүн 100 мянгаас давсан албан ёсны тоо бий. Сүүлийн жилүүдэд 25-30 насныхан элэгний өвчлөлөөр нас барах нь ихэссэн,  энэ өвчнөөр өдөрт долоон хүн хорвоог орхидог хэмээх гашуун мэдээг албаныхан халаглан хэлсээр удлаа. Тиймээс хувь хувьсгалынхан нийлээд элэгний өвчнийг төгс эмчлэх эмийг өнгөрсөн жилээс эхлэн оруулж ирлээ. Тодруулбал, жилийн дотор хоёр эм, одоо дахиад гурав дахь нь бэлэн болжээ.
 
Хамгийн эхнийх нь элэгний С вирусыг устгадаг “Харвони” эм. Албан ёсны зөвшөөрөлтэйгээр “Омбол” компани худалддаанд гаргав. Курс нь 820 мянган төгрөгийн үнэтэй энэхүү эмийг худалдаанд гарснаас хойш элэгний шинжилгээ өгсөн хүмүүсийн хөдөлгөөн даруй хэд дахин нэмэгдсэнийг эрүүл мэндийн байгууллагынхан мэдэгдэж байсан юм. Хоёр дахь нь Монгол “Эм Импекс Концерн” компани АНУ-ын “Mylon “компанитай хамтран элэгний С вирусын “Ледвир” эмийг өнгөрсөн тавдугаар сарын эхээр нэвтрүүлсэн юм. Энэ эм нь 520 мянган төгрөгөөр монголчуудад хүрч эхлэв. Эмч мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар “Ледвир” эмийн үйлчлэл нь “Харвони” эмээс ялгарах зүйлгүй аж.
 
Харин Монголчуудын элэгний С вирусын өвчлөлийг устгах гурав дахь эм худалдаанд гарахад бэлэн болсныг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Оном” сангаас хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн юм. “Вирпас” эмийг “Монос” компаниар дамжуулан  ирэх сараас 300 гаруй мянган төгрөгөөр Монгол Улсад оруулж  ирэх болсныг дуулгав. “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Эмийг “Монос” групп Энэтхэгээс оруулж ирэхээр болсон бөгөөд  “Вирпас” эмийг  хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж 80 хувийг нь хөнгөлөх боломжийг судалж байгаа. Хэрвээ хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж чадвал 30 орчим ам.доллараар авч хэрэглэх боломжтой” гэсэн мэдээллийг өгсөн юм.
 
Ийнхүү нэг үе элэгний өвчлөлийг эмчлэх эмгүй байсан  Монголчуудад элэгний эмнүүд улам бүр хямд үнээр хүрч байна. Анх 1200 ам.доллараар иргэдэд хүрч байсан “Харвони” эмний ханшийг 750 ам.долларын “Ледвир”, 155 ам.долларын “Вирпас” эм унагалаа. Хөнгөлөлттэй үнээр зарагдах боломж нь бүрдвэл 30 орчим ам.доллараар монголчууд элгээ төгс эмчлэх нь. “Ледвир” эмийг “Харвони” эмээс үйлчлэлийн хувьд ялгарахгүй ч хамгийн сүүлд орж ирэх “Вирпас” эмийн талаар одоохондоо хэлэхэд эрт байна гэдгийг зарим эмч нар хэлсэн юм. Эмчилгээ үйлчилгээ нь ижил бол элэгний эмний  үнэ ханш унахад гэмгүй.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин