sonin.mn
Нийслэлчүүд зун болохоор хамаатнуудаа “таньдаг” болтлоо халуун ус тасрах зовлонд унадаг. Халуун усгүй халшрахдаа тэд ингэж шоглосон хэрэг л дээ. Гэтэл энэ зовлон эсрэгээрээ болж, халуун уснаас “залхсан” хүмүүс манай сонины редакци руу утас цохих болов.
 
Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк хаус-2” хотхоны айл бүрийн хүйтэн усны крантнаас өнгөрсөн долдугаар сараас эхлээд зэвтэй, халуун ус гоождог болжээ.
 
Үүнээс болж айл өрхүүдийн ундны цэвэр усны хэрэглээ хязгаарлагдаж, дээрээс нь халуун усанд хүүхэд, багачууд түлэгдэх эрсдэл үүсчээ. Халуун усыг хайр найргүй түгээгээд байгаа хэргийн эзнийг олохоор оршин суугчид, СӨХ, орон сууцны конторынхон хамжаад ч тусыг ололгүй гурван сар өнгөрсөн гэж байна.
 
“Парк хаус-2” хотхон 101, 102 гэсэн хоёр байртай. Тэнд нийт 163 айлын 700 орчим оршин суугч амьдардаг. Ашиглалтад ороод зургаан жил өнгөрч байгаа тус хотхоны айлууд бохирын үнэрээр мөн хугацаанд амьсгалж хэлж, шийдүүлж чадалгүй зовлонтойгоо эвлэрээд байж. Гэтэл зовлон дээр нь зовлон нэмж хэрэглээний ус нь зэвтэй, халуунаар гоожих болсон нь бухимдлыг нь улам нэмжээ. Учир нь тэдний байр УСУГ-ын харьяа “Харгиа” компани буюу урьдчилан цэвэрлэх байгууламжтай хаяа дэрлэж, арьс ширний үйлдвэрүүд дунд баригдсан юм байна. “Парк хаус-2” хотхоны баруун хойно яг зэрэгцээд “Харгиа” компанийн барилгууд үргэлжилж байна. Урьдчилан цэвэрлэх байгууламжийг тойроод арьс шир, ноос ноолуурын 20 гаруй үйлдвэр ажиллаж байна.
 
“Парк хаус-2” хотхон  УСУГ-ын харьяа “Харгиа” компани буюу урьдчилан цэвэрлэх байгууламжтай хаяа дэрлэж, арьс ширний үйлдвэрүүд дунд баригджээ.
 
Тус хотхоны хүйтэн усных нь крантнаас халуун ус гоождог болсон тухайд тус хотхоны “Хийморь баяжих” СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Хишгээ “Энэ өглөө ч /өчигдөр/ хүйтэн усны шугамаар халуун ус гоожиж байсан. Өдөр тийш л ус хүйтэн болдог. Айлуудад эрүүл мэнд хувьд ч бай, эдийн засгийн хувьд ч нэлээд хүндрэл учруулж байна. Сургууль, цэцэрлэгтээ явах хүүхэд, багачууд өглөө босоод гар нүүрээ угаахаар крант нээхэд шууд л 40 хэмийн халуун ус гоожиж эрүүл мэндэд нь заналхийлж байна.
 
Бид Орон сууцны контортой хамтраад УСУГ, Улаанбаатар дулааны сүлжээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гээд хандаж болох бүх газарт албан бичиг явуулж, учир байдлаа уламжилсан. Гэвч төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо муугаас асуудлыг нэгэн рүүгээ түлхсээр ирсэн. “Улаанбаатар дулааны сүлжээ”-д хандахаар “Манайд хамааралгүй. ТЭЦ-3 мэднэ” гэдэг. УСУГ нь “Улаанбаатар дулааны сүлжээ” компани хариуцах ёстой гээд аль нь ч шийдэж өгөхгүй байгаа юм. Хөдөлмөрийн хуулиар хүнд, бохир нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст хордлого тайлах эмчилгээ хийдэг.
 
Бас эрт тэтгэвэрт гардаг даа. Бид хүнд, бохир орчинд амьдарч байна. Үндсэн хуулийн иргэн бүр амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалт үйлчлэхгүй байна” гэв. Түүний яриаг 102 дугаар байрны оршин суугч Д.Ганчимэг баталж “Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод нүүе гэхээр хямралын үед хаашаа ч явах билээ. Эгч нь хоёр охин хүүхэдтэй. Тэд том болоод үр хүүхэд гаргана. Гэтэл байнгын бохирын эвгүй үнэр дунд зэвтэй, үнэртэй халуун ус хэрэглэхээр тэд ирээдүйд эрүүл саруул үр хүүхэд төрүүлнэ гэхэд эргэлзээтэй. Өөрөө ч кофе чанаад уухад крантнаас халуун ус аваад түүнийгээ буцалгахаар нэг л сонин.
 
Ер нь энэ байрны тав тух сүүлийн жилүүдэд маш их алдагдаж байна” гэлээ. Тус байрны 74, 77 тоотын оршин суугч Л.Сэргээ, С.Шижирмаа хоёр ч халуун, зэвтэй ус ирж байгааг хэлж байв. Тэд “Халуун, зэвтэй ус ирдэг болсноос хойш усанд орж чадахгүй болсон. Шууд крантнаас ус аваад хэрэглэх боломжгүй. Айл бүр ус цэвэршүүлэгчтэй байдаг болсон. Энэ байдал хажуу талын цэвэрлэх байгууламжаас болсон уу, эсвэл шугам сүлжээ нь буруу тавигдсан эсэхийг мэдэхгүй байна” гэсэн юм.
 
“Хэдийгээр УСУГ-ынхан гэмтлийг олоод засварлаж байгаа ч байрны ус хэвийн болно гэдэг эргэлзээтэй”
 
Өглөө бүр цэвэр, хүйтэн ус хэрэглэх боломжгүй болсон явдал зөвхөн “Парк хаус-2” хотхонд ч бус зэргэлдээ байруудад ч адилхан. “Харгиа” буюу урьдчилан цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийн дэргэд 1850 өрхийн 4950 оршин суугч амьдардаг гэсэн тооцоо байна. Тэд бүгд бохирын үнэр дунд, зарим нь зэвтэй, халуун ус хэрэглэсээр л байна. Энэ талаар тайлбар хүсэхээр УСУГ-ын мэргэжилтэнтэй холбогдоход “Дулааны шугам гэмтсэнээс ус халж байгаа. Гэхдээ энэ асуудал манай байгууллагатай хамааралгүй. Тухайн байрны орон сууцны контор хариуцах асуудал. Бид оршин суугчдын гомдлоор 12 цэгээс усны дээж авч шинжилж эхлээд байгаа. Усны үнэр амт, нян бактериологийг шинжлэх юм. Шинжилгээний хариу маргааш /өнөөдөр/ гарна” гэв.
 
“Парк хаус-2” хотхоныхон уг нь Богд уулын энгэрт Туул голын хөвөөн дээр налайж байгаа оршин суугчид. Тэр хэрээр байрных нь үнэ бусдаас өндөр. Оршин суугчид нь тав тух, эрүүл агаар, байршлыг нь сонгож худалдаж авсан нь мэдээж. Гэтэл бохир үнэрлэж, зэвтэй ус хэрэглэхээр юу болж таарах вэ. Хүйтэн ус нь халуунаар гоожоод байгааг хариуцах газар нь тухайн байрны орон сууцны контор. Тус байрыг хариуцаж буй “Жинст өргөө” компанийн инженер Н.Цогтгэрэл “Манай байрны дэргэдэх арьс ширний үйлдвэр, ноос угаадаг үйлдвэрүүд “ТЭЦ-3”-аас татсан уурын шугамаас уур хэрэглэдэг. Тэр уурын шугам нь манай байрны цэвэр усны траншейн дотор цуг байдаг. Уурын шугам цоорч ус алдсанаас болоод траншейнд байгаа усыг халаагаад байна гэж үзэж байгаа.
 
Халсан ус нь цэвэр усны хүйтэн шугамыг давхар халааснаас айлуудад халуун ус ирдэг болсон. “Улаанбаатар дулааны шугам сүлжээ”  компанийнхан манай шугамыг цоорчихсон гэдэг. Бид траншейнаа ухаад үзэхээр зүгээр байгаа юм. Үнэн хэрэгтээ “Харгиа” компанийн дулааны шугам гэмтчихсэн. Үүнийг бид аль эртнээс хэлээд холбогдох газрууд нь тоогоогүй. Хэрүүл маргаан болж байж өнөөдөр /өчигдөр/ “Харгиа” компанийн дулааны шугамын гэмтлийг засахаар хүмүүс ирээд байна” гэлээ.
 
Түүний ярьснаар хотхоноос холгүй, “Харгиа” компанийн дулааны шугамыг хэсэг хүмүүс өчигдөр засч эхэлж байв. Компанийн инженер техникийн ажилтнууд гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс байрны ус халуун болсон тухайд “Усны алдагдлаас болж байгаа” гэхээс өөр тайлбар өгөхийг хүссэнгүй. “Хэдийгээр УСУГ-ынхан гэмтлийг олоод засварлаж байгаа ч байрны ус хэвийн болно гэдэг эргэлзээтэй. Арьс ширний үйлдвэрүүдээс байнга уур гардаг. Тэнд ч бас шугам хоолой гэмтсэн байгаа. Тэдгээрийг бүрэн засварлаж байж халуун, хүйтэн ус ирдэг болно” гэж “Парк хаус-2” хотхоны орон сууцны конторын “Жинст өргөө” компанийн захирал н.Норовсамбуу хэлэв.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин