sonin.mn
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын нийгэмлэгийн дарга хэн болох вэ гэдэг асуулт сүүлийн хэд хоногийн турш олны анхаарлыг татаж байлаа.
 
Эрх барьж буй МАН-ынхан хэнийг Төмөр замын даргад зүтгүүлэх вэ гэдэг дээр дотооддоо нэлээд асуудал болсон сураг бий.  Энэ том “айл”-ын эзнийг томилно гэдэг эрх баригчдын бас нэг том ажил нь байсаар ирсэн. Энэ жишгээр хэрэндээ нааш цааш гүйлдэж, хэвлэлээр ч баахан бичүүлэв.
 
Уламжлал ёсоор Төмөр замын дарга болох хүсэлтнүүд ганц нэгээр тогтсонгүй.  Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга Л.Халтар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын нэр шинэ даргын сэнтийн эзнээр яригдаж байлаа.  Түүнчлэн одоогийн дарга Л.Пүрэвбаатар ч хоцроогүй. Үлдэх хүсэлтэй гэдэг нь ямар нэг байдлаар илэрч, яригдаж л байв. 
 
Энэ асуудалд цэг тавихаар уг нь уржигдар Москвад хуралдсан Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ерөнхий хорооны хурал болсон байна. Гэвч “Улаанбаатар төмөр зам”-ын дарга болон ерөнхий инженерээр хэнийг томилох  асуудлыг шийдсэнгүй.
 
Харин Монголд шинэ даргын томилгооны талаар АН, МАН-гүй, дарга цэрэггүй ярьж, байр сууриа илэрхийлсэн гэхэд болно. Манай төмөр замчдын хувьд “...Хамтарсан нийгэмлэгийг монгол хүн удирдах нь зүйтэй” гэж байв. Гэхдээ намын шахааны эсвэл хэн нэгэн халаасны хүн орж ирэхийг эсэргүүцсэн. Тэр дундаа төмөр замчид “...Салбараа огт мэдэхгүй, намын шахааны хүн ирвэл энэ салбар хөгжихгүй” гэлцэж байсан.
 
Ийнхүү нийгэмлэгийн даргын томилгооны сургаар төмөр замынхан болоод МАН-ынхан ёстой л нэг бужигнасан. “Улаанбаатар төмөр зам”-ын дарга болохын тулд зарим нэг хүн намдаа нэг сая ам.доллар хандивласан гэх яриа ч гарав.
 
“Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёров Монголд саяхан айлчлах үеэрээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзаж, энэ талаар ямар бодолтой байгаагаа цухас хэлж амжсан гэх юм билээ. Үүнээс гадна энэ удаад тус нийгэмлэгийн даргыг ОХУ-аас томилох санал гаргасан гэдэг мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа.
 
Манай Зам тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийг солих саналыг тавьсан ч ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн удирдлагууд шаардлагагүй гэж үзжээ. Зам тээврийн хөгжлийн яамны саналыг хүлээж аваагүй учраас  УБТЗ-ын одоогийн дарга Л.Пүрэвбаатар, ерөнхий инженер Г.Сэрээнэндорж нар ажлаа үргэлжлүүлэхээр болж байгаа юм.  
 
УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцсөний дагуу Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлсэн ч ийнхүү оросуудын зүгээс Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авсангүй. УБТЗ-ын одоогийн дарга Л.Пүрэвбаатар нь томилогдоод жил гаруй болж байгаа. Одоогийн байдлаар Оросын тал нийгэмлэгийн даргыг солих асуудалд тийм ч хурдан хөдлөхгүй гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, ойрын хоёр жилдээ Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын нийгэмлэгийн даргыг солихгүй нь бололтой.
 
Д.Гэрэл
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин