sonin.mn
"Дархан нэхий" компани арьс, арьсан бүтээгдэхүүний импортыг бууруулж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр монголчуудаа хангах зорилттой ажиллаж байна.
 
Байгальд ээлтэй, хэмнэлттэй эко технологуудын ололтыг нэвтрүүлж  Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэж байна хэмээн “Дархан нэхий” ХХК-ийн Ерөнхий захирал Э.Батсайхан онцоллоо.
 
Тэрээр ярихдаа,  “Дархан нэхий” ХХК арьс ширний боловсруулах шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх төлөвлөгөөтэй ажилладаг. Яг одоогийн байдлаар Казахстан, ОХУ, БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад байна. Зөвхөн хоёр хөрш орон гэлтгүй Европын холбооны орнууд руу борлуулах зах зээлээ судалж байна. 2014 онд нийт бүтээгдэхүүний 50 хувь, 2015 онд 60 хувийг экспортолсон. Цаашдаа энэ үзүүлэлтээ нэмэгдүүлнэ” гэлээ.
 
Тус үйлдвэрийн Бодын шир боловсруулах үйлдвэр нь хоногт 1000 ширхэг буюу жилд 300 мянган ширхэг бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс үйлдвэрлэж буй аж. Мөн  богийн арьс боловсруулах үйлдвэр хоногт 5000 ширхэг буюу жилд 1,5 сая хонь ямааны арьс боловсруулж  үслэг нэхий, савхи үйлдвэрлэж байна. Харин жижиг арьс боловсруулах үйлдвэр нь жилдээ 200 мянган ширхэг хурга, ишиг, туулай болон ангийн арьс боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.Оёдлын үйлдвэр жилд 0,5 сая ширхэг нэхий болон савхин хувцас бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд гутлын үйлдвэр жилд 0 ,5 сая хос өвөл, хавар намрын гутал гаргаж байна.
 
Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг