sonin.mn
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн тухай өгүүлсэн номыг Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд орчуулан уншигчдад хүргэхэд бэлэн болжээ. 
 
Элчин сайд Г.Ганболд номынхоо тухайд “Энэтхэг, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг бүтэн жилийн турш харилцан тэмдэглэж байгаа. Энэтхэг улсын олон алдартнуудын нэг нь Энэтхэг улсыг өөрчилж байгаа, дэлхийд хамгийн олон хүн нийгмийн амьдралаа ардчилсан зарчмаар зохион байгуулж буй энэ улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлэгч Нариндра Моди юм.
 
Манай улсад өнгөрөгч онд албан ёсны айлчлал хийсэн энэ хүний тавьж буй зорилт хийж буй үйл ажиллагааг Энэтхэг төдийгүй олон улс ихээхэн анхаарч байна. Энэ тухай Английн зохиолч Лэнс Прайс ном болгон бичсэн нь нэлээд үнэлэгдсэнийг монголынхоо уншигчдад зориулан орчуулсан байна. Номонд дэлхийн алдартан, Монголын анд нөхөд болж буй энэ хүний бүтээл, хийж буй ажил, зорьж буй үйлсийг тод харуулсан” гэлээ.
 
Номыг өнөөдөр Улаанбаатар хотноо нээсэн “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр албан ёсоор танилцуулсан бөгөөд Номын худалдааны дэлгүүрүүдэд 25000 төгрөгөөр борлуулах юм байна 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг