sonin.mn
Монгол Улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилготой  “Хүн амын хоол тэжээлийн байдал”  үндэсний V судалгааны баг өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө.
 
Тус судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/-гээс ЭМЯ-ны дэмжлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тав дахь удаагаа зохион байгуулж байна.
 
Энэ удаагийн судалгаанд 21 аймаг, 8 дүүрэг, 95 сумын 2250 өрх, 0-59 сартай 2250 хүүхэд, 6-11 насны 1750 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 2250, нөхөн үржихүйн насны 2250 эмэгтэй, 15-49 насны 1750 эрэгтэй, нийт 10250 хүнийг хамруулах юм.
  
Судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн хамааралт эмгэгийн тархалтын түвшин, 6-11 насны хүүхдийн хоол тэжээл, илүүдэл жин, таргалалт, тэдний иод дутлын эмгэгийн талаарх мэдлэг, хандлага, эрүүл бус хүнс хоол болон давсны хэрэглээ, жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт, төмөр, “А”, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, төрөх нас /15-49/-ны эмэгтэйчүүд, 15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг /туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, давсны хэрэглээ/-ийг судлан тогтоох юм байна.
 
Тиймээс НЭМХ-ээс ард иргэдийг судалгаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг