sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Умард Солонгосын аюул заналхийллийг сөрөн зогсохын тулд Өмнөд Солонгост баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем буюу THAAD-ыг аль болох ойрын хугацаанд байрлуулахаар Вашингтон төлөвлөж байгаа тухай АНУ-ын нөлөө бүхий албан тушаалтан мэдэгдлээ.
 
АНУ-ын Зүүн Ази ба Номхон далайн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Даниэль Рассель мягмар гарагт Конгрессын хуралдааны үеэр энэ тухай ярьжээ.
 
Умард Солонгос удаа дараа баллистик пуужин харваж, цөмийн цэнэгт хошуу туршиж байгаад түгшиж байгаагаа Рассел илэрхийлжээ. Өмнөд Солонгос болон Японыг хамгаалахын тулд аюул заналхийллийг сөрөн зогсох, таслан зогсоох чадавхаа сайжруулах бодлогыг АНУ баримталж байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
2017 оны эцэс гэхэд THAAD системийг Өмнөд Солонгост байрлуулахаар АНУ-ын Засгийн газар төлөвлөж байгаа юм.
Рассель хэлэхдээ “Пхеньян ойр ойрхон пуужингийн туршилт хийж байгаа учир THAAD-ыг байрлуулах ажлыг хурдасгах асуудлаар АНУ Сөүлтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байна” гэжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг