sonin.mn
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр шинэчлэн баталжээ.
 
Ингэхдээ улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан шинэ бүтцээр Тамгын газрын нийт орон тоог 10 хувиар бууруулсан байна.
Өөрөөр хэлбэл УИХ-ын Тамгын газар өмнө нь 8 хэлтэс, 1 төв, нийт 197 орон тоотой ажиллаж байсан бол шинэ бүтэц, зохион байгуулалтаар 7 хэлтэс, нийт 178 орон тоотой ажиллахаар болж байна.
 
УИХ-ын Тамгын газар нь УИХ, түүний гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй. Хуулиар заасан энэхүү чиг үүргээ цомхон, чадварлаг бүтцээр шуурхай, чанартай гүйцэтгэх шаардлагыг үндэс болгон Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг ийнхүү шинэчилжээ. Тамгын газрын үйл ажиллагааны чиглэл, шинэ бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр нийт ажилтнууддаа танилцуулж, өнөөдрөөс шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн аж.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг