sonin.mn
Олон улсын харилцааны мэргэжилтэн, эдийн засгийн шинжээч Жонатан Беркшир Миллер улс төрийн тойм нийтэлдэг “World politics review” сайтад ийм
гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
 
Нэгэн үе эдийн засгийн огцом өсөлт, ашигт малтмалын арвин баялгаараа дэлхий нийтийн анхаарлын төвд байсан Монгол Улсын уул уурхайн салбар сунжирч, үргэлжилсэн гэрээний асуудлаас үүдэн дампуурлын ирмэгт тулсан гэхэд хилсдэхгүй нөхцөл байдалд тулаад байна.
 
Үндэсний валют болох төгрөгийн ханш эрчимтэй унаж байна. Энэ оны эхэн үеэс ам.долларын ханшийн огцом өсөлтөөс үүдэн монгол төгрөг 15 хувиар буурсан. Эдийн засаг, эрдэс баялагт нь татагдан цугларч байсан гадаадын хөрөнгө оруулагчдын цуваа тасарч, байсан хэд нь уурших мэт замхран алга болжээ.
 
Сүүлийн үед ажилгүйдлийн төвшин ихэсч, дифляци байнгын шинжтэй байх магадлалтай байна. Түүнчлэн Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “хог”-ийн буюу В үнэлгээнд багтаасан нь эдийн засагт улам дарамт учруулж байгаа аж. 
 
Зээлийн зардал өссөнөөр өриин хэмжээ ч мөн дагаж өсдөг бичигдээгүй хууль бий. Энэ улсыг жижигхэн зах зээлдээ хэтэрхий их мөнгө ашиглаж байна гэж дүгнэх хүн олон байна.
 
Тодруулбал, нийт эдийн засаг нь 12 тэрбум ам.долларт хүрчээ. Арилжааны банк зээлээ хумьж байгаа нь ард иргэдийнхээ амьдралд хүнд тусч байгаа нь илт. Голчлон төрийн албан хаагч, жижиг дунд үйлдвэрлэгчид хэрэглээний зээл хүсдэг гэсэн тоо баримт бий. Ард түмний бодит орлого огцом буурч буй энэ цаг үед эрчим хүчний бодлого алдагдсанаас болж цахилгааны үнийг үе шаттайгаар нэмэх болсон нь нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж үнэтэй цахилгааныг авч чадахгүй нөхцөл байдалд хүрэх ч магадлалтай юм. 
 
Олон улсын валютын сангийн үнэлгээгээр Монгол Улсад нэгээс гурван их наяд ам.долларын хэмжээний баялаг бий гэсэн тооцоо байдаг. Ашиглаагүй нөөцийг нь бодохоор хөрөнгө оруулагчид дургүй байхын аргагүй уг орныг “Minegolia” буюу уул уурхайн Монгол гэж нэрлэхэд ч буруудах зүйлгүй. Монголын эдийн засаг өнгөрсөн 2011 онд хамгийн хурдацтай буюу 17 хувийн өсөлттэй гарсан нь хөгжил дэвшлийнх нь оргил үе байсан. Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш тогтмол унасан нь уул уурхайгаас хамааралтай тус оронд хүнд цохилт болсон юм. 2013 онд нийтэлсэн статистикийн тайлангаас үзэхэд нийт экспортын 90 хувийг уул уурхайн салбар үүрч байгаа бөгөөд үүнээс нүүрс, зэс, алтны экспорт 80 орчим хувийг нь бүрдүүлж байна.
 
Эдийн засгийн өндөр есөлтөөс огцом унасан Монголд хамгийн ойрын хандах хаалга нь БНХАУ байсан. Түүхий эдийн үнэ сэргэх явц удааширч байгаа нь эдийн засгаа сэргээх гэсэн энэ орны оролдлогыг сааруулж байгаа нь тун харамсалтай. Дуншаа хэлбэрийн ажил хэрэг, сүржин дүрэм журмаасаа салчихвал хөрөнгө оруулагчид эргэж харж болох юм гэж дүгнэх хүн цөөнгүй байдаг.
 
Хүнд цаг үед энэ улсад шинэ Засгийн газар бүрдсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан шинэ Засгийн газар “цус алдалтыг” тогтоох гэж хичээж байгаа ч хараахан үр дүн үзүүлээгүй байна. Өнгөрсөн сард Төв банк нь бодлогын хүүгээ 4.5 хувиар нэмснээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш бага ч гэсэн суларсан. Хөрөнгө оруулагчдыг татах арга зам нь олон улсын стандартад нийцсэн ашигт малтмалын уян хатан бодлого гэж харж болох юм. 
 
Эдийн засгийн ид үедээ бизнесийн хамгийн тохиромжтой орчин гэж нэрлэгдэж байсан тус улсад өмнөх шигээ өсөн дэвжиж, сэргэх боломж бий. Гэхдээ урт замыг туулах бололтой. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 25 хувьд хүрсэн зэрэг сайн мэдээ ч сонсогдож байна. Хүнд хэцүү энэ цаг үе Монгол Улсад эмх цэгцтэй байх, оновчтой бодлого хэрэгжүүлэх зэрэг ' ухаарал хайрлах чухал “хичээл”- болж байгаа юм.
 
А.Даваахүү
Эх сурвалж :”Монголын үнэн” сонин