sonin.mn
ТЕЛЬ-АВИВ. /KAZINFORM/. Израиль улсын Ерөнхий сайд бөгөөд Ерөнхийлөгч асан Шимон Перес 93 насандаа таалал төгслөө.
Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө цус харвасан бөгөөд түүний биеийн байдал нь тогтвортой байсан хэдий ч өчигдөр гэнэт мууджээ.
 
1948 онд Израиль улсыг байгуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан улс төрчдийн нэг болох Ш.Перес тус улсын ерөнхий сайдаар хоёр удаа, ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдон ажиллаж байлаа.
 
1994 оны эхээр палестинчуудтай энхийн хэлэлцээр байгуулах ажилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн мөн онд түүнд Нобелийн Энх тайвны шагнал олгож байв.
 
Тэрбээр “палестинчууд бол Израилийн хамгийн ойрын хөрш бөгөөд хамгийн дотны нөхөд ч болох боломжтой” гэж хэлж байжээ.
Шинэ Израиль улсад “Mirage” сөнөөгч нисэх онгоц нийлүүлэх гэрээг тэрбээр Францтай байгуулж байснаас гадна Израильд цөмийн нууц  байгууламж барьж байсан юм.
Баруун эрэгт еврейн суурин барих ажлыг дэмжиж байсан Ш.Перес хожим нь улс төрийн энхийн цагаан тагтаа болжээ. Палестины нутаг дэвсгэрт хамаарах газрын маргааны асуудлаар буулт хийх хэрэгтэй гэж тэрбээр нэг бус удаа хэлж байлаа.
Тэрбээр 2014 онд ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөн юм.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг