sonin.mn
Тогтвортой хөгжлийн боловсролын  тухай ойлголт эртнээс яригдаж  2030 он хүртэлх бодлогын баримт бичиг батлагдсан. Хүүхэд багачууд иргэдэд тогтвортой хөгжлийн боловсролыг олгоход анхаарах ёстой зарим асуудлын талаар “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн мэргэжилтэн А.Энхжаргалтай ярилцлаа.
 
-Ярианыхаа эхэнд Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн тухай танилцуулаач. Санхүүжилт болон хэрэгжилтийн хугацааны талаар товч мэдээлэл өгвөл?
 
-“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг БОАЖЯ, БСШУСЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран санхүүжүүлдэг. Нэгэнт улсаас санхүүжүүлж байгаа болохоор бидний ажил хоёр яамны үйл ажиллагаатай нягт уялдаатай явдаг. Төслийг хэрэгжүүлэгч байгууллагыг олон улсын тендерээр шалгаруулсан бөгөөд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шведийн Упсала Их Сургууль, Швейцарийн Боловсролын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны хүрээлэн гурвын хамтарсан консорциум шалгарч төслийн хэрэгжүүлэгч нэгжээр ажиллаж байна.
 
Манай төсөл ТХБ-ын үзэл санааг ЕБС-ын сургалтын системд нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжсэн эрхзүй, интитуц, зохион байгуулалтын орчинг бүрдүүлэх зорилготой. 2015 оны зургадугаар сард нээлтээ хийж, 2017 оныг дуустал эхний үе шат нь хэрэгжих юм. Төслийн зорилтот бүлгийн хувьд бол ер нь бүх монголчууд гэж хэлж болно. Манай төсөл үндэстний хэмжээнд хэрэгжиж байгаа, Монгол Улсын Засгийн газраас санхүүжилттэй, олон талын оролцоотой гэх мэт нэлээд онцлогтой л доо.
 
-Тогтвортой хөгжлийн боловсролыг олгохдоо бодит амьдралтай холбож олгох нь илүү юм шиг санагдсан. Төслийн үр дүн ямар байна?
 
-“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл ерөнхий боловсролын сургуулийн сургалтын сиситемд тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэх ажлын хүрээнд БСШУСЯ-ыг дэмжиж ажилладаг. Бид энэ чиглэлд өнөөдрийн байдлаар “Ерөнхий боловсролын сиситемд тогтвортой хөгжлийн боловсролыг тусган хэрэгжүүлэх үндсэн чиглэл, шаардлага” буюу бодлогын баримт бичиг гаргах, суурь боловсролын цөм хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсролыг тусган шинэчлэн боловсруулах, цөм хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудыг чадавхижуулах, боловсролын салбарын институтуудын мэргэжилтэн албан хаагчдыг тогтвортой хөгжил, нийгмийн хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сургах зэрэг томоохон ажлууд дээр БСШУСЯ-ыг дэмжиж, ажлын хэсэгт нь орж хамтран ажилласан. Тогтвортой хөгжийг дэмжсэн эрхзүй, зохион байгуулалтын орчин бүрдүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад манай төсөл БОАЖЯ-тай хамтарч ажилласан.
 
Түүнчлэн, яамд агентлагуудын албан хаагчдыг чадваржуулах сургалтууд, олон улсын туршлага судлах аялал, Ногоон зээлийн санг байгуулахад дэмжлэг үзүүлэх, Байгаль орчны удирдлагын тогтолцоо буюу ISO 14000 стандартыг хэрэгжүүлэх судалгаа, стратеги зэрэг чиглэлээр төслийн хийсэн ажлуудыг дурдаж болно. Саяхан Хэнтий яваад ирсэн. Хэнтий аймгийн “Ногоон хөгжлийн бодлогод суурилсан тогвортой хөгжлийн хэтийн зорилтууд”-аа ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад манай төсөл дэмжлэг үзүүлж байгаа юм. Бид ажлын хэсэгтэй уулзахад боловсрол, хүүхдийн төлөө байгууллагууд болон  банкныхан ажлын хэсэгт нь орсон байсан.
 
Ингэж хамтарч ажилласнаар салбар салбарын оролцоо, дуу хоолойг тогтвортой хөгжлийн бодлогод хүргэж үр дүнд хүргэсэн нь мэдрэгдсэн. Тэдний үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан нэг томоохон ажил нь “ Чингис” аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх асуудал байв. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын маршрутаар эко аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх ажлууд хийгдэнэ гэсэн үг юм. Бид төсөл хэрэгжиж буй аймгуудтай хийсэн ажлын үр дүнгээ ярилцаж, мэдээлэл солилцох уулзалт хийсэн. Архангай, Өвөрхангай аймгууд боловсролын чиглэлээр нэлээд ажил хийсэн.
 
Хүүхдэд багаас нь тогтвортой хөгжлийн боловсрол олгох амьдралын зөв дадал хэвшилтэй болгоход анхаарч ЕБС-ийн ахлах ангийнхны  дунд “ Миний хот аймаг-2030” төслийн уралдаан зарласан. Уралдааны зорилго нь 2030 он гэхэд тогтвортой хөгжилд хүрсэн байхын тулд аймагтаа ямар ажил хийвэл зохих талаар 10 жилийн хүүхдүүдээс санал авах юм. Саналын дагуу төсөл бичих сургалтыг явуулж түүний дагуу хүүхдүүд  төсөл бичсэн. Маш олон санаа гарсан. Жишээлбэл, аймгийнхаа “ Цэвэрлэх байгууламж”-ийг шинэчлэх төсөл бичсэн байсан.
 
Эдийн засгийн тооцоо судалгааг нь  гаргаж холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцаад өөрийнхөө мэдлэгийг зузаалсан. Өөрөөр хэлбэл, шинээр барьсан нь дээр үү, засварласан нь илүү юу гэж харьцуулсан судалгааг гаргасан нь бүтээлч хандлага бий болж буйн илрэл юм. Энэ саналыг аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгахаар болж байгаа. Эдгээр аймгуудтай төслийн багаас тогтвортой хөгжлийн боловсролыг  нийтэд хэрхэн түгээн дэлгэрүүлэх, хамтарч ажиллах талаар санамж бичиг байгуулсан.
 
Уламжлалт хандлага, зан чанар тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг олгоход сөрөг нөлөө үзүүлж байх шиг?
 
-Өмнө нь экологи, байгаль орчны талаарх хэсэгчилсэн сургалт зохион байгуулдаг байсан бол одоо тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол олгох аргачлалыг илүү үндэс суурьтайгаар боловсролын системд оруулахад  БСШУСЯ-тай хамтарч ажиллаж байна. Тогтворой хөгжлийг тусдаа судлагдахуун байдлаар ойлгож болохгүй, үүнийг сурах аргачлал гэж хэлж болно. Жишээ нь математик, химийн хичээлийг тогтвортой хөгжлийн боловсролоор сурч болох юм. Тогтвортой хөгжил, нийгмийн хөгжлийн талаарх бодлогын баримт бичиг, гарын авлага хангалттай байна.
 
Харин хэрэгжүүлэх гэхээр энэ талын ойлголт ард түмний дунд дутмаг байгаа болохоор амьдрал дээр хэрэгжихгүй байна. Тиймээс иргэдийн тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг, сэтгүүлчдийн оролцоо чухал байна. Сэтгүүлчдийг  энэ талын мэдлэгээр цэнэглэх зайлшгүй шаардлага байгаа учраас цаашид ийм сургалтуудыг зохион байгуулах төлөвлөгөөтөй байгаа. Монголчуудын уламжлалт амьдрал тогтвортой хөгжлийн сонгодог жишээ юм. Байгаль дэлхийдээ зөв зохистой хандсаар ирсэн. Гол горхи булаг шандын эхэнд юм угаадаггүй. Урсгал ус руу сүү, цагаан идээ дусаадаггүй. Хир буртгаа угаадаггүй,  хог хаягдал, үнс нурмаа хамаагүй газар хаядаггүй гээд. Гэтэл өнөөдөр суурьшмал амьдралтай болсон орчин цагт дээрх хандлага үгүй болсоор байна.
 
Нөгөө талаар хэвлэл мэдээллийн шинэчлэл болж  интернет мэдээ үүссэнээр хүмүүс ялангуяа зан төлөв нь төлөвшөөгүй хүүхдүүд бие биеэсээ эмх замбараагүй мэдээлэл  авсаар байна. Бид өмнө нь өвөг дээдэс, өвөө эмээ, багш, ахмад хүмүүсээс мэдээлэл авч тэдний үлгэр дууриаллаар  өсч хүмүүжсэн. Ямар нэгэн мэдээлэлд дүгнэлт хийх, ургуулан бодох, хэрэгтэй зүйлээ авч, хэрэггүйг ялгаж сураагүй хүүхдүүдэд цахим мэдээлэл сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, амьдралыг биеээрээ туулаад ирсэн ахмад үеэс мэдээлэл ирэхгүй болохоор  мэдлэг, туршлагын залгамж чанар гэдэг зүйл үгүй болжээ.
 
Ц.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин