sonin.mn
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Хиллари Клинтон, Дональд Трамп нар өчигдөр телевизийн халз мэтгэлцээнд оролцжээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг ирэх дөрвөн жилд удирдах нэр дэвшигчид ямар сэдвээр халуухан маргалдаж, шүүмжлэл өрнөснийг товчлон хүргэе.
 
1. ТРАМПЫН ИХ СУРГУУЛЬ
 
Дональд Трампын үүсгэн байгуулсан их сургууль нь саятан болох курсээс өөр юм заадаггүй академиас өөр юу ч биш. Тус сургуулийг төгссөн хэд хэдэн оюутны гомдлоор Трампын их сургуулийг зали­лан мэхэлсэн хэргээр шүү­хэд дуудаад байгаа аж. Энэ хэрэг дээр ажиллаж бай­гаа шүүгч Гонсало Куриелийг Д.Трамп нэгэн уул­залт дээр “Тэр мексик хүн бололтой” хэмээн ярьжээ. Куриел нь АНУ-д төрж, өссөн америк хүн ажээ.
 
2. ТРАМП САН
 
Дональд Трамп өөрийн үйлдвэрүүддээ торгууль тавих, хэрэглэгчиддээ нөхөн төлбөр олгох зэрэг дээр “Дональд Ж.Трамп” сангаа ашиглажээ. Мөн улс төрийн хандив өргөхөд ашигласан байна.
 
3. КЛИНТОН САН
 
Клинтон сангийн үйл ажил­лагаа шүүмжлэлд өрт­сөнгүй. Харин тус санд 1.8 тэрбум ам.доллар хан­див­ласан хүмүүсийн дунд дарангуйлагчдын нэрс, гадаадын компаниуд бай­гаа талаар шүүмжлэл өр­нөв. Хилларийн өрсөлдөгч нарын хэлж буйгаар, Клинтон сан нь АНУ дахь бодлогод нөлөөлөх гэсэн нэг хэлбэр ажээ.
 
4. ЛАЛЫН ТЕРРОРИЗМЫН АЮУЛ ДАГУУЛСАН ОРНУУДЫН ЦАГААЧИД
 
Д.Трамп лалын терро­риз­мыг өөгшүүлдэг ор­нууд, тэр тусмаа Сирийн иргэдийг АНУ-д оруу­лах­гүй байх санал дэв­шүү­­лэв. Түүний хүү Дональд Жуниор сири иргэдийг хортой чихэртэй зүйрлэжээ.
 
5. ВЛАДИМИР ПУТИН
 
Дональд Трамп Крем­лийн удирдагч Вла­димир Путинээс бусад бараг бүх удирдагч, улс ор­ныг муул­сан юм. Тэрээр Оросын лидерийг хүн­дэт­гэн би­ширд­гээ дахин нэг бат­лаад, тэр бүү хэл “Хэрвээ Ев­роп тив Оросын дов­тол­гоонд өртвөл би Ев­ро­пыг хамгаалахгүй” гэж хэлжээ. Түүний сонгуу­лийн кампанийг удирдаж байсан Пол Манафорт Москватай хэлхээ холбоо­тойгоосоо болж огцорч байв. Трамп ч орос иргэд­тэй арилжаа, наймаа хийж байжээ.
 
6. ХИЛЛАРИЙН ИЛТГЭЛ
 
Хиллари Клинтон Уолл Стритийн санхүүгийн байгууллагуудад илтгэл тавьж, үг хэлснийхээ төлөө хэдэн зуун мянган ам.дол­ларын шагнал авч байжээ. Өрсөлдөгч нар нь үүнийг ашиг сонирхлын зөрчил хэмээн нэлээдгүй маргаан дэгдсэн байна.
 
7. ӨМЧ ХӨРӨНГӨ
 
Дональд Трамп хоёр долоо хоногийн өмнө Вашингтонд шинэ зочид буудал нээсэн юм. Уг зочид буудал АНУ-ын Төв банкны замын эсрэг талд байдаг. Гэвч Бүгд найрамдах намын нэр дэвшигч энэ зочид буудлаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүй хэвээр байгаа аж. Тэрээр эхэндээ үүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгана гэж байсан ч “Шалгалт явагдаж байна” гэсэн нэрийн дор хойшлуулж иржээ.
 
8. ХИЛИЙН ХАНА ХЭРЭМ
 
Трамп Мексикээс орж ирэх хууль бус цагаачдыг зогсоохын тулд хилийн дагуу хана хэрэм босгоно гэдгээ дахин илэрхийлэв. Энэхүү хана хэрмийг бос­гох зардлыг Мексик улс хариу­цах ёстой гэж хэлжээ. Гэвч зарим мэдээллээр, АНУ-ыг орхин явж буй мексик иргэдийн тоо орж ирж буй иргэдээс давж байгаа тул Вашингтон хилийн хана хэрмийг Мексик улс санхүүжүүлэх ёстой гэж шаардах эрхгүй болж байгаа аж. Трамп хууль бус цагаачдыг тэвчихгүй гэдгээ дахин илэрхийлсэн байна. Харин Хиллари Клинтон болон Ардчилсан намынхан хууль бусаар амьдарч буй гадаад иргэдийг шат дараалалтайгаар хууль ёсны болгохын төлөө байгаа юм.
 
9. АЖИЛЛАХ ХҮЧИН
 
Билл Клинтон, Жорж Буш, Барак Обамагийн засаглалын үед гадаад улс оронтой байгуулсан худалдаан болон ажиллах хүчний гэрээ, хэлэлцээр нь үйлдвэрлэлийн салбарт олон мянган ажлын байрыг байхгүй болгосон хэмээн Трамп үзэж байна. Тэрээр Цагаан ордонд ирвэл энэ гэрээ хэлцлийг өөрчилнө хэмээжээ.
 
10. ХҮЧИРХИЙЛЭЛ, ЖАГСААЛ
 
Сүүлийн хоёр жилд АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал, үймээн самуун их гарч байна. Хамгийн сүүлд, Шарлотт хотод цагдаа хар арьст иргэнийг буудаж алсны дараа ихээхэн үймээн самуун, эмх замбараагүй байдал дэгдээд байгаа билээ. Трамп чинээлэг болон цагаан арьстнуудын дэмж­лэгийг илүүтэй хүлээж байгаа бол, Хиллари афро-америк иргэдийн дэмжлэгийг бүрэн хүлээж байгаа юм. Хот дахь аюулгүй байдал, гэмт хэрэгт тавих хяналт, арьс өнгөөр ялгаварлаж байгаа эсэх зэрэг нь мэтгэлцээний халуун сэдвийн нэг байлаа. Сонгогчдын сонголтод ихээхэн нөлөөлж магадгүй сэдвийн нэг нь энэ юм.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин