sonin.mn
Орхон голын сав газарт үйл ажиллагаа явуулж байсан алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон хэмээн БОАЖЯ-наас мэдээлэв.
 
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллах үеэрээ Орхон голыг бохирдуулсан алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоосон. Гэвч зарим мэдээллийн хэрэгслээр Орхон голын эхэнд алт олборлогч компаниуд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа талаар мэдээлсэн.
 
БОАЖЯ-ны үрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, “Орхон голын эхэнд “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд гэрээлэгч 16 компаниар олборлолт хийлгэж байсан. Үүнээс 14 нь ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн. БОАЖЯ, МХЕГ,орон нутгийн цагдаагийн байгууллагын хамтарсан 14 хоногийн хугацаатай байнгын пост газар дээр нь ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч компани байхгүй. Бүх аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмжийг лацадсан.
 
Орхон голын урсац бүрэлдэх эх байнгын цэвдэгтэй, нарийн тоосонцорын ширхэгтэй. Аж ахуйн нэгжүүд гольдрилыг нь өөрчилсөнтэй холбогдуулан голын ус бохир хэвээр байна. Дахин цэвэр, тунгалаг болоход 1-2 жил шаардлагатай" хэмээв.
 
Ч.Ариунболд

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг