sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Хятадын төрийн өмчийн компаниудад шинэчлэл, бүтцийн өөрчлөлт хийх ажлыг санхүүжүүлэх зорилгоор 350 тэрбум юанийн /52,5 тэрбум ам.доллар/ хөрөнгө бүхий санг Хятадад байгуулсан тухай “Сhina Daily” сонинд мэдээлжээ.
 
Сан байгуулах санаачилгыг "China Chengtong Holdings Group" гэдэг төрийн өмчийн корпораци гаргасан байна. Тус сангийн дүрмийн санд China Mobile, Sinopec, China Railway Rolling Stock Corporation (CRRC) зэрэг 10 компани 131 тэрбум юань /19,7 тэрбум ам. долл/ нийлүүлжээ.
 
Сангийн үйл ажиллагааг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийг хянан зохицуулах Хороо удирдан явуулах юм. Тус хорооны дарга Сяо Яцин-ы хэлснээр, дээрх мөнгийг “нийлүүлэлтийн хүрээнд шинэчлэл хийх”-эд зарцуулах бөгөөд гол зорилго нь төрийн өмчийн компаниудыг шинэчлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “хүнд аж үйлдвэрийн зарим секторт үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл бий болоод байхад зарим салбарт хүчин чадал дутагдаж байна” гээд "тус сан нь өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд туслах ёстой" гэдгийг онцлон дурдлаа.
 
Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдлийн улмаас Хятадын эдийн засгийн зарим салбарууд бэрхшээлтэй тулгарснаар улс орны эдийн засгийн өсөлт бүхэлдээ саарсаар байна. 2011 онд аж үйлдвэрийн салбарын өсөлт 13,9 хувьтай байсан өнгөрсөн онд 6,1 хувь болж буурчээ.
 
Х.Сарнай
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг