sonin.mn
“Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн хүрээнд энэ салбарт суралцан төгсөж буй оюутнуудад зориулсан ажлын байрны яармаг, сургалт зохиохоор бэлтгэж байна.
 
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэхүү өдрийн хүрээнд “HR Club”-аас хүний нөөцийн ажилтнууд болон энэ чиглэлээр суралцаж байгаа, төгсөх ангийн оюутнуудад зориулсан өдөрлөгийг зохиох болжээ. Энэ талаар “HR Club”-ын тэргүүн Ш.Баярмагнай, зохицуулагч Г.Сүх-Очир, Э.Өнөрцэцэг нар өнөөдөр мэдээлэл хийв.
 
Өдөрлөгийн хүрээнд энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулан эрдэм шинжилгээний хурал, ажлын яармагийг зохион байгуулах бөгөөд энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд мөн сургалт явуулах аж.
 
“HR Club”-ын зохицуулагч Э.Өнөрцэцэг “Монголд хүний нөөцийн чиглэлээр маш олон сургууль, боловсролын төв мэргэжилтэн бэлтгэж байгаа. Эдгээр сургуулийг төгсөгч оюутнуудад тулгамдаж буй гол асуудал бол ажлын байр. Тийм учраас төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил олгогчдод зуучлах зорилгоор энэ салбарын ажлын яармагийг зохион байгуулна” гэлээ.
Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Монголд 50 гаруй мянган ажилтан хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа аж.
 
Г.Даваамаа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг