sonin.mn
ВЕНА. /Kyodo/. Цөмийн болон пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай нь холбогдуулан Умард Солонгосыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-гийн ерөнхий чуулганд оролцож буй төлөөлөгчид шүүмжиллээ.
 
МАГАТЭ-гийн жил тутмын 60 дахь удаагийн чуулган даваа гарагт Австрийн Вена хотноо эхэлжээ.
Умард Солонгос таван удаа цөмийн туршилт хийсний хоёрыг нь энэ оны нэг болон есдүгээр сард хийсэн билээ.
МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Амано хэлэхдээ “Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр нь анхаарал татсан асуудал хэвээр байна” гээд, үүнийг “Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж буй аюул” гэж тодорхойлжээ.
 
Таван өдөр үргэлжлэх уг уулзалтад оролцогчид Умард Солонгосын эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг хэлэлцэх аж. Тэд Умард Солонгосыг шүүмжилсэн агуулга бүхий тогтоол батлах төлөвтэй байна. Мөн тэд дэлхий даяар цөмийн аюулгүй байдлыг хангахад МАГАТЭ-гийн гүйцэтгэх үүргийг хэлэлцэнэ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг