sonin.mn
БАКУ. /TASS/. Азербайжаны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх олон нийтийн санал асуулгад иргэдийн 69.7 хувь нь буюу 3 671 707 хүн оролцлоо гэж тус улсын Сонгуулийн төв комиссын дарга Мазахир Панахов мэдэгдэв.
 
Саналын хуудасны 70.2 хувийг тоолсны дараах байдлаар санал асуулгад оролцогчдын 91.2 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна. 
Ингэснээр Ерөнхийлөгч ээлжит бус сонгууль явуулах болон парламентыг тараах эрхтэй болж байна. Үүний зэрэгцээ тус улсад тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгох юм.
 
Азербайжаны Ерөнхийлөгч нь тэргүүн дэд Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчийг томилж, мөн огцруулна гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгажээ.  
Тэргүүн дэд Ерөнхийлөгч нь эрх мэдлээрээ Ерөнхийлөгчийн дараа орох бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил болгон нэмэгдүүлсэн байна.
Азербайжаны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга өчигдөр 125 дүүрэг дэх 5627 санал авах байранд болж өнгөрчээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг