sonin.mn
“1990 оны хувьсгал Зөвлөлтийн дарлалаас ангижруулсан хэдий ч, нийгмийн эрүүл бус мөн чанар хөндөгдөлгүй үлдсэн төдийгүй, улам даамжрав. Зөвлөлтийн дагуул байсан бол, харийн луйварчдын колони боллоо.
 
Соцлагерийн дэглэмийн үед колоний ажил хийж байсан, метрополидоо бэлтгэгдсэн колоний түшмэдүүдийн үр хүүхэд, залгамжлагч нар хязгааргүй хомхой сувдаг, маньяк, бирд болохынхоо улмаас яг л тийм ажил хийгээд, ард түмнээ давхар дарлаад, язартлаа баяжиж, дэлбэртлээ омогшоод л явж байна.
 
Ардчиллын хөдөлгөөний эхэн үед соцлагерийн үеийн гаж буруу зүйлс ямар ч үнэ цэнэгүй болж байсан. Тахин шүтэгдсэн хүнийг намаас нь хөөгөөд, шагналыг нь хураасан. Гэтэл өнөөдөр соцлагерийн хамаг зүйлийг сэргээн засварлаад, урвагч, дайсан гэгдсэн нөгөө хүндээ дэглэмийн нь үед байгаагүй олон хөшөө, кино, ном, өргөмжлөл, арга хэмжээг зориулаад л байж байна.
 
Яалаа гэж хөшөө босгов?
 
Тэр, улсаа ЗХУ-д нэгтгэх гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан. Зөвлөлтийн дарлал мөлжлөг, устгах бодлогыг гардан хэрэгжүүлж асан. Өнөөдөр, ЗХУ, Цэдэнбал, МАХН гурав нийлээд хамаг сайн сайхан юмыг хийчихсэн, Монголын ард түмэн үе үеэрээ зүгээр тэжээлгэж хэвтээд, эрхийн тэнэг болчихсон гэж сурталдах болж” гэж миний бие 2009 онд “Монгол оронд хувьсгал хэрэгтэй!” гэх нийтлэлдээ бичиж байжээ.
 
Өчигдөр Ю.Цэдэнбалын тухай баримтат шинэ кино үзээд алмайран гайхлаа. Урьдын Зөвлөлтийн хагас колони байсан үед эргээд оччихов уу гэж итгэж ядаж, зүүд зэрэглээ юу гэж гайхлаа. ЗХУ-д эх орноо нэгтгэх ажлыг гардан хийхээр Салчиг Тогоо шиг бэлтгэгдэн томилогдсон, КГБ-гээс дэргэд нь хянаж удирдах эхнэрийг хүртэл олгож, бүрэн Москвагийн командаар ажиллуулж байсан хүнийг улсын гарамгай жанжин удирдагч гэх үнэн юм өчүүхэн ч үгүй хуучин халагдсан үзэл суртлыг Хойд Солонгосын диктор унших шиг дотор арзайм хийрхүү хөөрөлтэйгээр урсгах аж. Харьд нэгдэх чиглэлтэй ажиллаж байсан хүнийг шүтнэ гэдэг үйл хэргийг нь үргэлжлүүлнэ ээ л гэсэн үг!
 
Пён Янгийн радио АНУ довтлох гэж байна гэж ёрлох адил ёозгүй муухай өнгө аясаар Дожоодорж гуайг ардын дайсан болгоод авч өгч байна. Тэр сэтгүүлч зохиолч ер нь яасан юм? Үүрэгт ажлаа л хийсэн. Юу гэж буруутгаад байгааг нь огт ойлгосонгүй. Ю.Цэдэнбал нь тархины судас хатуурлаас болж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсныг Чазовын номноос тодорхой уншиж байсан. Өөр олон эх сурвалжаар батлагддаг. Тэр байдал нь ч Дожоодоржийн нэвтрүүлгээр харагдсан. Ц.Зориг л ЗХУ, Андропов хорлосон гэж ярьж бичиж эхэлснээс биш, Ю.Цэдэнбалын эрүүл мэнд, ёсзүйтэй холбоотой олон хүнд, хурц асуудлууд гарч ирж, түүнийг ЗХУ олон нийтээс нуун далдлах л арга хэмжээ авч тусгаарласан. Нууц задруулчих гээд байдаг болсон өөрийн хүнээ татаж авсан.
 
Социализмын үед нар мандаж сар гарч байсан нь ч Ю.Цэдэнбалын гавьяа мэтээр ямар ч утга учиргүй юм тэр баримтат киногоор ярьж байна билээ. Өчүүхэн төдий эрх мэдэлгүй түүний гавьяа гэж юусан билээ. Монголыг ЗХУ-д нэгтгэх гэлээ гэдэг нь ч учир дутагдалтай. Тэрийг ЗХУКН, КГБ мэдэхээс биш, Ю.Цэдэнбал санаж сэддэг, шийддэг биш байв.
 
Социализмын үеийн бүтээн байгуулалт гэдэг бол метрополи ЗХУ-аас хагас ч юм уу бүтэн ч юм уу колони орондоо өөрсдийн үзэл суртлын зорилгод нийцсэн зүйлсийг барьж байгуулах, нэгтгэх бэлтгэл хангах тийм л ажил байлаа. Энэ барьж байгуулсан зүйлсийн төлөө Монголын ард түмэн дэндүү их үнэ төлж, сөнөж мөхөх дөхсөн. Бие махбодио хадгалж үлдсэн хүмүүс мэдээж байсан, оюун санааны хувьд бол аймшигтай сүйрэлд орсны балаг одоо ч арилаагүй.
 
Эрүүжсэн дарангуй нийгмийн бүтэгдэхүүнүүд засрана залрана гэдэг мөн ч бэрх юм билээ. Эх орон, үндэстэн гэх ойлголтгүй болж тархиа угаалгасан, хар амиа хичээхээс эрхэм зүйлгүй болж төлөвшсөн, харьд нэгдэхэд оюун санааны хувьд бэлтгэгдсэн, эрүү хулгайг дээдлэн талархдаг болж ялзарсан люмпен, манкурт, зомбинууд Зөвлөлтийн дарлалаас салсан хэдий ч тархи толгойгүй, инстинкт рефлексээр л био хэрэгцээний төлөө явдгийнхаа улмаас улс орноо юу ч үгүй болтол сүйтгэж сөнөөж, харьд нэгд нэггүй тушааж, урваж шарваж өдий хүрснийг бүгд харж байгаа.
 
1990 онд Ардчилсан хувьсгал яллаа гэсэн хэдий ч, Зөвлөлтийн нөлөө Хятадын нөлөөгөөр солигдсоноос хэтрээгүй бөгөөд, нөгөө л нэг хүнийг тахин шүтэх, хүйтэн дайнд хөөрөх, улс үндэстнээ дорд үзэх элий балай үзэгдлүүд зайлаагүйн улмаас улс орон уулын уруу урьдын адил өнхөрсөөр л. Одоо бүр бүрэн дампуурахдаа тулав.
Ю.Цэдэнбал мартах өвчний улмаас сонин хачин зүйл ярьж байгаа нь Дожоодоржийн нэвтрүүлэг дээр гарч байна.
 
Түүнийг буруутгана гэвээс, хүний өвчин эмгэгийг харуулав гэсэн утгаар л өөнтөглөж болох юм. Хүнд өвчин гэдэг бол хувь хүний эмгэнэл. Гэтэл хичнээн олноороо хамаг юмыг мартчихаад социализмын үеийн догматикаа маань мэгзэм шиг давтдаг болоод байгааг юу гэх вэ? Үнэхээр аймшигтай! Хэлэх ч үг олдохгүй юм. 26 жилд бид нэг ч зүйл ойлгосонгүй, мэдсэнгүй, ухаарсангүй гэж үү?
 
Ч.Мөнхбаяр