sonin.mn
Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан  Ч.ХУРЦТАЙ ярилцлаа.
 
-УИХ-д үнэмлэхүй олонхын суудал авсан МАН, тэдний бүрдүүлсэн Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлуулахаар зэхэж байна. Энэ баримт бичгийн тухайд таны санаа бодол ямар байна вэ?
 
-Аливаа мөрийн хөтөлбөрийг тодорхой асуудалд чиглүүлж, хэрэгжих үндэслэл тооцоонд тулгуурлаж гаргадаг номтой. Улс орны өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар ярихдаа улс төр, эдийн засаг хоёрыг нэг зоосны хоёр тал биш харин цул юм гэж ойлгох шаардлагатай болж байна.
 
Үүнийг улс төрийн бодлоготой эдийн засаг гэж нэрлээд байгаа юм. Манай намын бодлого буюу мөрийн хөтөлбөрийг эрдэмтэд хийдэг болохоос биш албан тушаалтнууд бодож, боловсруулдаггүй юм. 
Улс төрийн эдийн засгийн гол амин сүнс нь аливаа салбарын чирэх хүчний тухай, манлайллын асуудал байх ёстой.
 
1940-өөд он хүртэл Монгол орны маань хөгжлийн манлайлагч, эдийн засгийн тулгуур нь нүүдлийн мал аж ахуй байсан. Түүнээс хойш аж үйлдвэр тодорхой хэмжээгээр хөгжиж, төрийн өмчит үйлдвэрийн газрууд байгуулж байлаа. 1960-аад ойд үйлдвэржүүлэлт, барилгажилт эрчимтэй явсан байдаг. Үүний зэрэгцээ байгалийн баялаг, хөрсөн доорх эрдэс баялгийн судалгаа эрчимжсэн.
 
-Тэр үед та залуухан геологич олон газраар явж, хайгуул судалгаа хийсэн байх. Энэ талаараа хуучилбал сонин байна?
 
-1961 онд оюутан байхдаа Бугантын алтны ордын судалгаанд оролцож явлаа. Түүний дараа жил Их хайрханы уурхайд дадлага хийж байхдаа Улаанууд гэх вольфрамын орд газрыг илрүүлж байсан. Цаашлаад орон нутаг бүр өөрийн нөөц баялагтай болохыг нээн илрүүлж түүний үндсэн дээр эрчим хүч, хот байгуулалтыг хөгжүүлэхийн төлөө л ажиллаж байлаа шүү дээ. Тэр үед улсын төсөв, хөрөнгө мөнгө ч багахан байсан. Геологи, хайгуулын ажилд гэхэд л жилдээ есхөн сая төгрөг төсөвлөдөг байлаа. Түүгээр бас ч багагүй юм амжуулдаг байж. 1963 онд бидний хэсэг нөхөд Цагаан суваргын орд газрыг нээж байлаа. 
 
Түүний дараа жил Чехийн геологичидтой хамтран Эрдэнэтийн зэсийн ордыг эрж хайхад оролцсон юм. Үр дүнд Эрдэнэтийн овоо 4.2 сая тонн зэсийн нөөцтэй, жилдээ 20 сая тонн хүдэр олборлож болох хүчин чадалтай гэдгийг Чехийн геологичид тодорхойлсон байдаг. 1971 он хүртэл Оросын геологичид судалгааг гүнзгийрүүлэн нарийвчилж хийснээр “Эрдэнэт” үйлдвэрийг босгохоор шийдэлд хүрсэн юм шүү дээ. Тэр үеийн улс орны эдийн засгийн манлайлагч нь Эрдэнэт байлаа.
 
-Өнөөдрийн эдийн засгийн манлайлал нь аль салбар, хэн байх юм бэ. Энэ талаар та санал бодлоо хуваалцана уу?
 
-Одоогийн төр, засгийн санхүү, эдийн засгийн бодлого нь сурах бичгийн хэмжээнд яваад байна. Миний бодоход олон улсад боловсруулан хэрэгжүүлж буй улс төрийн эдийн засгийн бодлогыг л баримтлах учиртай санагдана. 
 
Энэ нь бас хоёр гол чиглэл урсгалтай. Нео либерализм буюу Н.Фрийдманы үеэс эхэлсэн нэг урсгал байдаг. Нөгөө нь Германы социал демократ намын дарга, өнөөгийн Гадаад явдлын яамных нь сайд В.Штайнмайрны явуулж буй бодлого байна. Үүнийг Европын холбооны гишүүн Швед, Норвеги, Финланд, Герман, Голланд, Итали зэрэг улс хэрэгжүүлж, нийгмийн давхаргын тэгш дүүрэн амьдралын төлөө ажиллаж байна. 
 
Тэгэхэд манайхан яаж байна вэ гэхээр АН гарч ирэхээр неолиберализм, МАН олонх болохоороо социал демократ үзэл баримтлалаар улс орны эдийн засгийг савчуулж байгаа юм. Бидний хөгжлийн үндсэн чиг шугам бол социал нийгмийг байгуулахын төлөө, нийтээрээ тэгш дээшлэхийн тулд л ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, хүнс болон нийгэм рүү хандсан бодлого л зохилох ёстой юм.
 
-Үүний тул яах ёстой вэ. Мэдээж хүн болгон л сайн сайхан, дутагдаж гачигдах зүйлгүй л амьдрахыг хүсч байгаа шүү дээ?
 
-Бид давуу талаа ашиглах ёстой. Тухайлбал, газар доорх эрдэс баялгаа бүрэн судалж дуусаагүй л байна. Миний харахад, бид нутаг дэвсгэртээ байгаа баялгийн 15-20 хувийг илрүүлж чадсан эсэх нь эргэлзээтэй санагддаг. Тэдгээрийн дотор түүхий эд, эрдэс баялгийнхаа манлайлагчийг олж чадаж байна уу, үгүй юу. XXI зууны түүхий эдийн хэрэглээ, нөөц нь вольфрам, тан таль, литий, цагаан тугалга зэрэг газрын ховор элементэд суурилж байна. 
 
Эдгээр нь бүгд манайд байдаг. Үүнийг ашиглахын тулд бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт уг нь гаргачихсан. Харамсалтай нь, түүнийг удирдлага болгоод хэрэгжүүлэхгүй байна. Дээр нь биеэсээ өрсч, эндээс би юу хожих вэ гэж бодохоос биш нийт ард иргэдийнхээ төлөө, эх орны хөгжлийн төлөө нам бүлэглэл харгалзахгүй эвсч нэгдэх нь дутагдаад байх юм. Үүнээс л улбаалаад нийтийн эв нэгдэл, үзэл бодол, шашин шүтлэг задарч байна. Уг нь улс орныг бүсчилэн хөгжүүлэхэд хэрэгтэй бүх юм нь бидэнд бий.
 
-Энэ талаар арай тодорхой яривал юуг нь онцлох вэ?
 
-Юуны өмнө төвийн босоо тэнхлэгийг дагасан төмөр зам, түүний ойролцоох хот суурин газар, эрдэс баялгийн орд, уурхайнууд байна. Зөвхөн Улаанбаатарт шавааралдаж байхаар сайншанд, Чойр, Дархан, Сүхбаатар хотод тараан байршуулж яагаад болдоггүй юм бэ. Цаашдаа Орос, Хятад, Монгол гурван улсын эдийн засгийн коридор үүгээр дайрах нь зайлшгүй.
 
Тэгэхээр энд хөгжлийн маш сайхан ирээдүй байна. Нөгөөх нь эдийн засгийн Дорнод бүс нутаг байна. Энд тодорхой тооны ашигт малтмал, түүний орд байгаа нь давуу тал болно. Түүгээр ч зогсохгүй геологичид нь эрдэс баялгаараа овоглож явдаг, тухайлсан эрдэмтэд судлаачид ч байдаг. 
Жишээлбэл, “нүүрсний” Бат-Эрдэнэ, Чимэддорж, Дашцэрэн, “жоншны” Бадамгарав, Банзрагч, “алтны” Гомбосүрэн, Цэрэн-Очир, “зэсний" Сандуйжав, Мягмар гэхчилэн төрийн шагналтнууд олон байна.Тэдний мэдлэг оюун потенциалыг хийсэн бүтээсэн, олж судалсныг нь ашиглах учиртай юм.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: ”Монголын үнэн” сонин