sonin.mn
ПАРИС./TASS/. Францын эрх баригчид Швейцарийн UBS банкинд  данс эзэмшигч францчуудын нэрсийг ил болгохыг Швейцарийн талд хандан хүсчээ. Татвараас зугтаах үйлдлийг шалгах ажиллагааны хүрээнд ийм хүсэлт гаргасныг “Parisien” сонинд дурдсан байна.
 
Энэ оны 5 дугаар сард Францын татварын албанаас Швейцарь руу илгээсэн хүсэлт захидлаас тус сонин иш татсан байна. Тухайлбал, татварын албаныхан 45161 данс эзэмшиж буй хүмүүсийн нэрсийг олж авахыг хүсчээ. Одоогийн байдлаар, 4782 хүний нэрс тодорхой болоод байгаа бөгөөд тэдний дотор Францын нутаг дэвсгэрт 2006-2008 онуудад амьдарч байсан болон одоо амьдарч буй UBS банкны үйлчлүүлэгчид байгаа аж.
 
“Дээрх данснуудад байршуулсан мөнгөний нийлбэр дүн 11 тэрбум швейцарь франкаас давж байгаа ба Францын төрийн сан хөмрөгт олон тэрбум еврогийн хохирол учирсан байж болзошгүй” гэж Францын Төрийн санхүүгийн ерөнхий захиргаанаас Швейцарийн талд илгээсэн захидалд дурджээ.  
“Parisien” сонинд мэдээлснээр, Германы эрх баригчид сүүлийн жилүүдэд санхүүгийн шалгалт хийх явцад олж авсан мэдээлэлд үндэслэн Францын эрх баригчид Швейцарийн талд хандсан байна.
 
Х.Сарнай
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг