sonin.mn
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Осакa их сургууль хамтран зохион байгуулж буй ”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд эхэллээ.
 
Тус хурлаар Монголын зүүн бүс нутагт сүүлийн жилүүдэд хийсэн археологийн хайгуул болон малтлага судалгааны үр дүн, түүх соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Улаанбаатар Их сургууль, БСШУСЯ-ны Соёлын өвийн төв зэрэг байгууллагын төлөөлөл болон Япон, АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг орны эрдэмтэн судлаачид нийт 30 гаруй илтгэл хэлэлцүүлж байна.
 
 
Энэ үеэр эрдэмтэн судлаачид археологийн дурсгалыг хадгалах, хамгаалах ажил нэлээд хүнд байна. Үүнийг цаашид төр засгаас анхаарах хэрэгтэй. Монгол Улс археологийн дурсгалыг илэрхийлсэн “Археологийн үндэсний музей” байгуулснаар өв соёлоо гайхуулах, ард түмнээ соён гэгээрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, археологийн дурсгалыг олон нийтэд таниулах боломж бүрдэнэ хэмээж байв.
 
 
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессорС.Чулуун “Сарьдгийн хийдийн судалгааны түүхээс” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тэрбээр, “Бага Хэнтийн нурууны Сарьдгийн хийдийн судалгааг 2013 оноос эхлэн 4 дэх жилдээ хийж байна. Сарьдгийн хийд бол аман түүх болон бичгийн эх сурвалжийн мэдээгээр Өндөр гэгээн Занабазарын байгуулсан хотын туурь.
 
Энэ хугацаанд  хотыг малтаж судлаагүй байсан. Гол цогчин дуганад хийсэн малтлагын үр дүнд олдсон дурсгалуудад шинжилгээ хийхэд Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон голомт болох нь тогтоогдсон. Өндөр гэгээний хийцийн язгуурын 5 бурхан 3000 орчим олдвор болон Монголын  XVII зууны түүхийг илэрхийлэх дурсгалууд нэлээд гарсан. Сурвалжийн мэдээг үзэхэд Өндөр Гэгээн тэнд 34 жил амьдарч байсан мэдээ бий. Өндөр гэгээн Занабазар бол дэлхийн хэмжээний шашны том зүтгэлтэн.
 
Мөн XV-XVI зууны үед үйлдвэрлэсэн голланд цаг, XVI зууны үеийн Оросын буу зэвсэг, XVII зууны үеийн Монголын цэргийн бүрэн хэрэгсэл зэрэг олон зүйл олдсон.  XVII зууны Монголын бурхан шашны уран барилга, уран баримлын төрөл зүйлийг илэрхийлэх бүрэн баримт олдсоноос гадна монголчуудын аж ахуй, цэрэг зэвсгийн дурсгалууд анх удаа илэрч олдсон. Энэ нь цаашид XVII зууны төдийгүй Өндөр Гэгээний соёлын өвийг хадгалах, хамгаалахад чиглэсэн ажлуудыг хийнэ. Мөн уран барилгын асар том цогцолборыг монголчууд XVII зуунд Хэнтийн нуруунд байгуулжээ гэдэг нь тодорхой болсон” гэв.
 
Мөн Ц.Амгалантөгс / ШУА-ийн Түүх, Археологийн Хүрээлэн/,  К.Мияамото /Кюшү Их сургууль, Япон/ нар “Дарам уулын дfрвfлжин булшны малтлага судалгааны үр дүнгээс” сэдвээр илтгэл тавилаа.
 
2001 оноос эхэлсэн Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө Арал орчмын Хүрэл зэвсгийн үед холбогдох булш оршуулгын дурсгалыг судлах үүднээс 2009-2011 оны хооронд “Эртний Монгол хүн” дэд төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Дарам ууланд хайгуул малтлага судалгааг явуулж нийт 59 булш бүртгэн баримтжуулж түүнээс хүрэл зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булш 6 малтан судалсан байна. Малтлага судалгааны үр дүнд Дарам уулын дөрвөлжин булшны холбогдох он цагийг НТӨ VIII-IV зуунд хамаарна хэмээн үзсэн гэж танилцуулав.
 
Тус хурал маргааш өндөрлөнө.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг