sonin.mn
ТОКИО. /Kyodo/. 2026 оны Азийн Зуны спортын наадмыг Японы Айчи муж болон тус мужийн төв болох Нагоя хот хамтран зохион байгуулна.
 
Азийн наадам бол бүс нутгийн спортын хамгийн том арга хэмжээ бөгөөд дөрвөн жил тутамд болдог. Уг наадмыг зохион байгуулах эрхийг авахын тулд Айчи муж болон Нагоя хот энэ оны тавдугаар сард хамтран нэрээ дэвшүүлсэн юм. Японы Олимпын хороо уг саналыг энэ сард баталж, Азийн Олимпын Зөвлөлд /АОЗ/ өргөн барьжээ.
 
 
Харин Азийн наадмыг Айчи болон Нагоя хамтран зохион байгуулах хүсэлтийг өнгөрсөн амралтын өдөр Вьетнамын Данан хотод болсон АОЗ-ийн Ерөнхий Ассамблейн хуралдаанаар санал нэгтэйгээр дэмжсэн байна. Энэ хоёроос өөр ямар нэг хот, муж нэрээ дэвшүүлээгүй аж.
 
Айчи муж болон Нагоя хотод спортын 36 тэмцээнийг зохион байгуулах бөгөөд тэдгээрийн ихэнхийг нь Айчи мужид явуулахаар төлөвлөжээ. Зарим тэмцээн, тухайлбал зүлгэн дээрх хоккейн тэмцээнийг хөрш Гифү болон Шизүока мужид зохион байгуулахаар болсон байна.
 
Японы Олимпын хорооны ерөнхийлөгч Цүнэказү Такэда хэлэхдээ “энэ наадмыг амжилттай зохион байгуулахын тулд би Айчи муж болон Нагоя хотын холбогдох албаны хүмүүстэй хамтран ажиллана” гэжээ.
 
Азийн наадмыг Японд гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа нь энэ юм. Уг наадмыг 1994 онд Хирошимад зохион байгуулж байсан бол 1958 онд Токио энэ наадмыг зохион байгуулсан Японы анхны хот болж байжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг