sonin.mn
БАКУ./TASS/. Азербайжаны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлаарх санал асуулга өнөөдөр болж байна. Иргэд Үндсэн хуулийн 23 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах болон зургаан зүйлийг шинээр оруулах эсэхийг шийдэхийн тулд саналаа өгөх юм.
 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев дэвшүүлжээ. Иргэдийн эрх, эрх чөлөөтэй холбоотой хэд хэдэн заалт болон 15 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ олон улсын гэрээ, конвенцид нэгдэх талаарх Азербайжаны амлалтыг зохицуулах асуудлыг шийдэх ажээ.
 
Эдгээр нэмэлт өөрчлөлтийн хүрээнд анхны тэргүүн дэд Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгох юм. Тэднийг төрийн тэргүүн сонгож, мөн огцруулах ажээ.
 
Хэрвээ залгамжлагч нь сонгогдоогүй байгаа үед Ерөнхийлөгч огцорвол тэргүүн дэд Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдын оронд төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэнэ. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацааг 5-аас 7 жил болгон нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах, парламентыг татан буулгах эрхийг Ерөнхийлөгчид олгохыг иргэд дэмжвэл түүний эрх улам өргөжих юм.
 
Үүнээс гадна 35-аас дээш настай иргэн Ерөнхийлөгчид, 25-аас дээш настай иргэн парламентын гишүүнд нэрээ дэвшүүлэх эрхтэй гэсэн хязгаарлалтыг цуцлахаар нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна.
 
Харин Азербайжаны сөрөг хүчнийхэн Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, ийм алхам нь ардчилсан эрх чөлөөг боомилж, одоогийн эрх баригчдын эрх мэдлийг улам өргөжүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульт хаант засаглалыг бий болгоно гэж мэдэгджээ.
 
Санал асуулгад оролцогчдын 50-иас дээш хувь нь дэвшүүлж буй асуудлыг дэмжсэн тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах санал баталгаажих бол санал асуулгад иргэдийн 25-аас дээш хувь нь оролцсон тохиолдолд санал хураалтыг хүчинтэйд тооцох юм.
 
Азербайжаны Сонгуулийн төв хорооны дарга Мазахир Панаковын мэдээлснээр, 5 627 111 хүн санал хураалтын 5627 байранд саналаа өгнө. Ойролцоогоор 1.3 сая хүн санал хураалтад оролцсон тохиолдолд санал асуулга хүчин төгөлдөр болох юм. Үүний зэрэгцээ ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Екатеринбург зэрэг хотуудад санал хураах 32 байр ажиллах ажээ. 
 
"Санал асуулгыг явуулахад бүх зүйл бэлэн болсон. Европын Зөвлөлийн Парламентын Ассамблей,  ТУХН-ийн Парламент хоорондын Ассамблей зэрэг олон улсын байгууллагууд  болон 33 орны нийт 117 ажиглагч санал асуулгын явцыг ажиглах бол дотоодын ажиглагчдын тоо 53 мянгаас даваад байна. Мөн гадаад орнуудын хэвлэл мэдээллийн 16 байгууллага санал асуулгын үйл явцыг сурвалжилна" гэж Панаков ярилаа.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг