sonin.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, НОБГ, НМХГ-ын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
 
Улаанбаатар хотын Цагдаагийн газарт энэ сарын 09-22-нд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 13 мянга 768 дуудлага иржээ. Нийт дуудлагын 37.4 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд танилцуулав. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3 мянга 528 дуудлага ирсний 187 нь ослын шинжтэй дууллага байжээ. Зам тээврийн ослын улмаас 8 хүн амь насаа алдсан байна.
 
НМХГ-ын шинжилгээгээр АНУ-аас импортолсон 217 кг “Buttermilk Ranch” нэрийн пицца амтлагч, БНСУ-аас импортолсон 32.5 кг “Berrymix” нэрийн жимстэй тараг, ОХУ-аас импортолсон 25 кг “Фуросемид” нэрийн эм, Грек улсаас импортолсон 77.8 кг “Septona” хуруу лент, БНХАУ-аас импортолсон 178 хайрцаг “Вэй-эр” Биологийн идэвхт бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ. Тиймээс энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаанаас татах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа аж.
 
НОБГ-т аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 60  удаагийн  дуудлага иржээ. Үүнээс объектын гал түймрийн 43, техникийн холбогдолтой осол,  аврах ажиллагааны 17 байгаа юм. Өнгөрсөн хугацаанд гарсан ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 6 хүний амийг аварч, 7 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг