sonin.mn
ЛОНДОН. /Ebrd/. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ нэгдүгээр дэд Ерөнхийлөгч Фил Беннет Монголд айлчилж, тус улсын Засгийн газрын шинэ удирдлагууд болон бизнесийн хүрээнийхэнтэй уулзахын зэрэгцээ Монголд хөрөнгө оруулалт хийж эхэлсний 10 жилийн ойг тэмдэглэнэ.
 
Тэрбээр энэ сарын 26-28-ны хооронд Монголд айлчилж, тус улсад хөрөнгө оруулах талаарх ЕСБХБ-ны шинэ стратеги, тус банкны үйл ажиллагаа болон боломжит төслүүдийн тухай хэлэлцэнэ.
 
ЕСБХБ-ны санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг тэрбээр Монголын Засгийн газрын тэргүүн болон гишүүдтэй уулзаж, тус банкны Монгол дахь үйл ажиллагааны хэтийн чиглэлийн талаар ярилцахаар төлөвлөжээ.
 
ЕСБХБ нь 2006 онд Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш тус улсын хувийн хэвшлийн хөгжилд 1.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин одоо тус банк орон нутаг болон тээврийн дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
 
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ЕСБХБ Монголд хөрөнгө оруулалт хийж буй хамгийн том байгууллага болсон. Уул уурхайгаас эхлүүлээд ногоон эрчим хүчний салбар гээд олон салбарт бид хөрөнгө оруулалт хийсэн. Монгол Улс хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ орчинг бий болгож байгаатай холбоотойгоор шинэ боломж, түншлэлийг бид хүлээж байна гэж Фил Беннет мэдэгдлээ.
 
Энэ сарын 27-нд ЕСБХБ-ны түншүүд, үйлчлүүлэгчид, бизнесийн төлөөлөгчид, дипломатчид цуглаж, тус банк үүсэн байгуулагдсаны 25 жил, Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсний 10 жилийн ойг тэмдэглэх ажээ.
 
Фил Беннет Монголд хийх айлчлалынхаа үеэр ЕСБХБ-ны салхин цахилгаан станц байгуулах хоёрдахь төсөлд гарын үсэг зурна. Энэ төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/ хамтран санхүүжүүлэх бөгөөд Монголын “Newcom” болон Японы “SoftBank” -ны хамтарсан компани ажлыг гүйцэтгэнэ.
Фил Беннет ЕСБХБ-ны нэгдүгээр дэд ерөнхийлөгчийн хувиар Монголд хоёр дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм. Тэрбээр ЕСБХБ-нд ажиллахаасаа өмнө Монголд хэд хэдэн удаа ирж байжээ.
 
ЕСБХБ Монголд үйл ажиллагаагаа эхлүүлэхээс таван жилийн өмнө буюу 2001 онд жижиг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч байсан бөгөөд энэ хүрээнд Монголын 500 жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесийн зөвлөгөө өгсөн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг