sonin.mn
“Хятад-Еврази” тав дах үзэсгэлэн яармагийн үйл ажиллагааны  нэгээхэн хэсэг болох “Харилцан уялдаа холбоо: Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ боломж” сэдэвт Ази Европийн орнуудын хэвлэл мэдээллийн сайд нарын форум БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотод энэ сарын 19-нд болов.
 
Форумд Монгол, Афганистан, Австри, Таджикстан, Беларусь, Кампучи, Египет, Шинэ Зеланд, Пакистан, Киргизстан, Исламын хамтын ажиллагааны байгууллага  зэрэг орнуудын хэвлэл мэдээллийн 40 гаруй төлөөлөгч оролцлоо.
 
Уг форумыг нээж БНХАУ-ын  Суртал ухуулгын яамны орлогч сайд, Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга, хатагтай Цүй Юийн хэлсэн үгэндээ, "Улс орон, ард түмнүүд харилцан нөхөрлөж, хамтран ажиллаж, энх тайвныг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг юугаар ч сольшгүй гэдгийг онцлоод “Нэг бүс нэг зам” том төслийн дагуух орнуудын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн “Мэдээллийн торгоны зам”  бүтээхийг  уриалсан юм.
 
Монгол улсыг төлөөлж МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, МОНЦАМЭ агентлагийн “Монголын мэдээ ”сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул нар оролцож цаашдын хамтын ажиллагааны  талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал бодлоо солилцлоо. Хуралд  оролцогсод цаашид хамтран ажиллах шинэ боломж бололцоог эрэлхийлж, бие биенээ харилцан дэмжих нэгдсэн ойлголтод хүрлээ.
 
Энэ удаагийн хэвлэл мэдээллийн форумыг БНХАУ-ын Төрийн зөвлөл голлон удирдаж, Гадаад хэл дээрх бүтээлийн газар, Шинжаан Уйгурын өөртөө засах орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан болно.Тус форум нь урьд өмнө нь 2011, 2013 онд тус тус болж байв.
 
Б.Мөнхтуул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг