sonin.mn
Туркийн Сэлчүкийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль, Азербайжаны “Мирас” байгууллага болон ХБНГУ-ын “Туркуудын Ертөнц” хүрээлэнгээс 10 дахь удаагаа зохион байгуулж буй “Олон улсын турк соёл, урлаг болон соёлын өвийг хамгаалах семпозиум/Урлагийн арга хэмжээ”-ний нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
 
МУИС-ийн Дэд захирал Б.Болдгив энэ үеэр хэлсэн үгэндээ туркууд болон монголчуудын түүх, соёлын хэлхээ холбооны талаар дурдаад Туркийн Элчин сайдын яам болон ТИКА-ийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг цохон тэмдэглэсэн юм.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөзын хувьд монгол орны нутаг дэвсгэрт эртний Түрэгийн төрт улсууд оршиж байсан бөгөөд Хархорин болон Налайхад 1300 жилийн тэртээх түүхээр аялуулах эртний олдворууд нь өвлөгдөн үлдсэн гэдгийг тэмдэглээд тус өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол Улсын Засгийн газарт талархсанаа илэрхийллээ.
 
Олон улсын турк соёл, урлаг болон соёлын өвийг хамгаалах семпозиум нь энэ сарын 21-27-нд болно. Семпозиумд Монгол, Турк, Азербайжаны эрдэмтэд оролцох бөгөөд “Турк уран бүтээлд Турк-Монголын хамаарал”, “Монгол дахь Согодын колони улсууд”, “Турк ард түмний бичгийн соёл”, “Төв Азийн нуурын сав газруудад цаг уурын өөрчлөлтийн экологийн болон социологийн нөлөөлөл”, “Турк болон Уйгарын үеийн Пугу овгийн тамга” зэрэг олон сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавих юм. Семпозиумын хүрээнд мөн олон улсын холимог үзэсгэлэн гарна.
 
Б.Туул
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг