sonin.mn
  АНУ батлан хамгаалах болон иргэдийнхээ аюулгүй байдлыг анхаарах үндэсний ашиг сонирхлын үүднээс НАТО-г орхих ёстой хэмээн тус улсын шинжээч, хуульч Брюс Фейн мэдэгдлээ.
 
Тэрбээр “АНУ-ын цэргүүд Эстони, Латви, Литва зэрэг орныг хамгаалахаар одож буйг ойлгохгүй байна. Манай цэргийн гол үүрэг бол ард иргэдээ хамгаалах” хэмээв. Брюс Фейн НАТО-г орхих ёстой шалтгааныг тайлбарлахдаа “Бид НАТО-гаас гарснаар ОХУ-тай найрсаг харилцаагаа сэргээнэ. Үүнээс гадна, Вашингтон гаднын түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалах боломж бүрдэнэ” гэсэн байна. “Вашингтон Таймс” сонинд нийтлүүлсэн АНУын хамгийн алдартай өмгөөлөгчийн нийтлэлд АНУ НАТО-гийн гишүүн байхын тулд маш олон зүйлийг золиослож байгаа аж.
 
Тэрбээр “В.Путиний түрэмгийллээс Европыг хамгаалахын тулд ОХУ-тай сөргөлдөж байна. Ингэх шаардлага, хэрэгцээ бидэнд байхгүй шүү дээ. Европ тив дотоод асуудлаа өөрсдөө зохицуулах ёстой. Бид Үндсэн хуулиа сахиж, эзэнт гүрний эрмэлзлэлээ орхих цаг ирсэн” гэдгийг нийтлэлдээ онцолсон байна. Мөн “АНУ-ын 67 мянган цэрэг НАТОгийн гишүүн орнуудад үүрэг гүйцэтгэж байгааг жирийн америк хүн ойлгоход бэрх юм. Ард иргэдийн татварыг НАТО-гийн санд шилжүүлж байна. Манай улс НАТО-гийн санхүүжилтийн 73 хувийг бие даан бүрдүүлдэг. НАТО-гийн төлөө энэ их золиосыг үүрэх хэрэг байна уу.
 
Эцэст нь НАТОгийн ямар ч гишүүн орон биднийг энэ мэтээр бодит эсвэл зайлшгүй халдлагаас хамгаалах уу. Гэхдээ АНУын цэргийн хүчин чадал өөрсдийгөө хамгаалахын тулд хангалттай их байна. НАТО бидний бус Европ дахь өөрсдийн орны эрх ашгийн төлөөх байгууллага болсон” хэмээжээ. Брюс илтгэлдээ Их Британийн Гадаад хэргийн сайд, лорд Палмерстоны “Улс оронд мөнхийн найз, сайн хөрш гэж байдаггүй юм.
 
Зөвхөн үндэсний, улсын ашиг сонирхол л гэж байдаг” хэмээснийг иш татсан байна. НАТОгийн гишүүн орнууд ОХУ-ын болон гаднын түрэмгийллээс бие биенээ хамгаалах чадвартай болохыг Б.Фейн нийтлэлдээ дурджээ. ОХУ-ын зүгээс НАТО-гийн аль нэгэн гишүүн орны эсрэг түрэмгийллийн үйлдэл үзүүлсэн ч, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын баталгаа хэвээр байна. Хорват, Унгар, Словак, Польш, Чех, эсвэл Балтийн улс орнуудын хувь заяа ч гэсэн манай үндэсний аюулгүй байдлаас ангид зүйл гэж Б.Фейн тайлбарлажээ.
 
Мөн Украины талаар “Берлиний хана нурсан нь ЗХУ төмөр хөшгийг барьж дийлээгүйтэй холбоотой. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэнэг хүн биш. Тэр Украин дахь хяналтаа амархан алдах улстөрч биш. Украины төлөөх тэмцлийг В.Путин өөрийнхөө эрх ашгийн төлөө эхлүүлээгүй. Түүний цаана Орос улс бий” хэмээн бичжээ. Брюс Фейнийг Эдуард Сноудений аавыг өмгөөлөхөөс татгалзсан гэдгээр нь олон улс мэдэх юм.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин