sonin.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
 
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд уг саналыг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжив. Улмаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг хэлэлцэв.
 
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг саналыг танилцуулахдаа эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн гэдгийг тодотгов. 
 
Байнгын хорооны гишүүд Монголбанк, санхүүгийн байдал амаргүй байгаа ийм цаг үед банкны салбарт 20 жил ажилласан туршлагатай хүн Дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд Засгийн газар, Сангийн яамтай нягт уялдаатай хамтран ажиллахыг захиж байв.
 
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Б.Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.
 
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.
 
Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг